Испанийн Ла Риожа мужид одоогоос 20 жилийн өмнө хоёр өөр гэр бүлийн хоёр охин таван цагийн зайтай мэндэлжээ. Гэвч эмнэлгийн ажилчдын алдаанаас болж охид солигдсон бөгөөд өөрийгөө уг хэргийн хохирогч гэж үзсэн эмэгтэй мужийн эрүүл мэндийн газраас гурван сая евро нэхэмжилж, шүүхэд гомдол гаргасан байна.
2002 онд төрсөн охид хоёулаа жингийн дутагдалтай байсан тул инкубаторт оруулсан байна. Тэдний нэг нь эцэг эхтэйгээ амьдарч, нөгөө нь эмээтэйгээ өсчээ. Одоогоос дөрвөн жилийн өмнө хүртэл тэдний хэн нь ч юу ч мэдэлгүй өссөн байна.
Эмээтэйгээ амьдарч байсан охины эцэг үүргээ хүлээхгүй байгаа шалтгаанаар хуулийн байгууллагад гомдол гаргаж, улмаар эцэг тогтоох шинжилгээ хийлгэжээ. Гэтэл охины ДНХ эцэгтэйгээ таараагүй ба түүний шинжилгээний хариу эмээгийнхтэйгээ ч нийлээгүй байна. Тиймээс хэргийг шалгаж, мужийн эрүүл мэндийн байгууллагынхан 2002 онд гарсан алдааг олж мэджээ.
Ла Риожа мужийн эрүүл мэндийн газрын дарга Сара Альба хүний буруутай үйлдлээс болж охид солигдсон ч чухам хэн энэ алдааг гаргасныг одоо тогтоох боломжгүй гэжээ. Тухайн үед амаржих газрын тогтолцоо одоогийнхоос өөр, комьпютерт мэдээллээ хадгалдаггүй байсан гэдгийг онцолсон байна.
Ийнхүү эмнэлгийн ажилтны хайхрамжгүй алдаанаас болж эцэг эхтэйгээ биш үл таних настай эмэгтэйн гар дээр өссөн 19 настай охин өнгөрсөн хугацаанд хохирсон нөхөн төлбөр болох гурван сая еврог мужийн эрүүл мэндийн газраас нэхэмжлээд байгаа юм.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.