2021 оны 8-р сарын 31-ний байдлаар 100 мянган хүн амд ногдох "Ковид-19" халдварын нас баралтын түвшнийг авч үзвэл, вакцинд хамрагдаагүй иргэд хамрагдсан иргэдээс илүү нас барж байна. Мөн 60-аас дээш насны хүмүүс халдварт илүү өртөж байгаа бөгөөд нас баралтын эзлэх хувь мөн өндөр байна. Нас барсан тохиолдлыг нарийвчлан харвал, халдварын шинжилгээний хариу эерэг буюу батлагдсан өдрөөс нас барах хүртэлх хугацаа дунджаар 10 хоног байна.
КОВИД-19 халдварын нийт батлагдсан тохиолдлын 10.3 хувь нь 8 дугаар сард бүртгэгдэж, өмнөх сараас 7.2 нэгж хувиар буурсан байна. КОВИД-19 халдварын нийт батлагдсан тохиолдлыг сар тус бүрээр харьцуулахад хамгийн өндөр буюу нийт батлагдсан тохиолдлын 33.1 хувь нь 6 дугаар сард бүртгэгдсэн байна.
18 хүртэлх насны хүүхдийн өвчлөл 8 дугаар сард нийт батлагдсан тохиолдлын 23.0 хувийг эзэлж, өмнөх сараас 0.4 нэгж хувиар буурсан байна.
КОВИД-19 цар тахлын батлагдсан тохиолдлыг насны бүлгээр авч үзвэл, манай улсын нийт хүн амын 38.0 хувь нь 20-44 насныхан байгаа бөгөөд батлагдсан тохиолдлын ихэнх буюу 49.7 хувь нь энэ насны бүлэгт хамаарч байна. 100 мянган хүн амд ногдох өвчлөлийн түвшинг насны бүлгээр харвал, 30-34 насныхны дунд хамгийн өндөр буюу 8315, 0-4 насныхны дунд хамгийн бага буюу 2952 байна. Харин 85-аас дээш насныхны өвчлөлийн түвшин 6711 байна.
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан иргэдийн 72.1 хувь нь худалдаа, үйлчилгээний салбарт ажиллаж байгаа бөгөөд КОВИД-19 цар тахалд худалдаа, үйлчилгээний салбарын ажиллагчид хамгийн их өртсөн байна.
Ковидоор өвчилсөн иргэдийг амьдарч буй сууцны төрлөөр авч үзвэл энэ оны 8 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 53.2 хувь нь гэр болон байшинд, 45.1 хувь нь орон сууц болон бие даасан тохилог сууцанд амьдардаг иргэд байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.