Төв Америкийн Сальвадор улсын эрх баригчид биткойныг хууль ёсны эргэлтэд оруулахыг зөвшөөрснөөр тус улс нь криптовалютыг хууль ёсны төлбөрийн хэрэгсэл болгосон дэлхийн анхны улс болж байна.
Сальвадорын иргэд Засгийн газраас батлан гаргасан "Chivo" цахим түрийвчид бүртгүүлэн, криптовалютаар бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах боломжтой аж. Тус улсын Ерөнхийлөгч Найиб Букелегийн мэдээлснээр Сальвадор улс 20.9 сая ам.долларын үнэтэй 400 биткойн худалдаж авсан бөгөөд "Chivo" системд бүртгүүлсэн хүн бүрт 30 ам.доллартой тэнцэх хэмжээний биткойн үнэгүй өгөх гэнэ.
Тэрээр "Сальвадор улс криптовалютыг нэмэлт төлбөрийн хэрэгсэл болгон ашигласнаар бизнесийн илүү их боломжийг нээж, зардлыг бууруулан, олон улсын жуулчдыг татах эсэхийг мэдэхийн тулд дэлхий даяарх хүмүүс ажиглаж байна" хэмээн тэмдэглэсэн байна.
Нийт хүн амын 70 хувь нь банкны дансгүй бөгөөд зөвхөн албан бус эдийн засагт оролцдог тус улсад биткойныг нэвтрүүлснээр орон нутгийн иргэд зах зээлд илүү сайн хамрагдах түлхэц болно гэж Букеле найдаж байгаа юм. Харин олон улсын зохицуулах байгууллагуудын зүгээс энэхүү шийдэлд санаа зовж буйгаа илэрхийлээд байгаа билээ.
Эх сурвалж: UPI
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.