Италийн Неаполь хотын оршин суугч эмэгтэй нэгэн дэлгүүрээс сугалаа худалдаж аваад, 500 мянган евро хожсон боловч тус дэлгүүрийн эзэн эрэгтэй түүний сугалааны тасалбарыг хулгайлаад, зугтжээ.
Орон нутгийн хэвлэлийн мэдээлснээр 60 орчим насны уг эмэгтэй нь дэлгүүрээс хоёр сугалаа худалдаж авсан бөгөөд нэгийг нь хуссаны дараа 500 мянган еврогийн дээд шагналыг хүртсэнээ ухаарсан аж. Ингээд тэрээр дэлгүүрийн эзнээс хожлоо баталгаажуулахыг хүсэхэд тус эрэгтэй тасалбарыг нь аваад, мопедоо унаад зугтсан гэнэ. Үүний дараа цагдаа нар 57 настай сэжигтнийг хулгайн хэргээр эрэн сурвалжилж эхэлжээ.
Мөн хожлын мөнгийг хэн нэгэн нь хууль бусаар авахаас урьдчилан сэргийлэхийн тулд Италийн татварын албанаас тус дэлгүүрт зарагддаг бүх сугалааны тасалбарыг түр хугацаанд хүчингүй болгосон байна.
Энэхүү хэрэг гарснаас хоёр хоногийн дараа албаныхан сэжигтнийг Ромын Фиумицино нисэх онгоцны буудлаас саатуулсан бөгөөд тэрээр Канарын арлууд дахь Фуэртевентура руу нисэх гэж байжээ. Цагдаа нар эрэгтэйг саатуулахад түүнд сугалааны тасалбар байгаагүй бөгөөд мөрдөн байцаагчид тасалбарыг одоог хүртэл олоогүй байгаа аж.
Эх сурвалж: Mirror
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.