Япон улсад коронавирусийн эсрэг дархлаажуулалтад ашиглаж буй АНУ-ын Модерна фирмийн вакциныг бохирдсон байж болзошгүй тухай мэдээлэл гарах болсон. Тэгвэл Модерна вакцин хийлгэсэн гурван ч хүн нас барсан тохиолдол бүртгэгдлээ.
Модерна вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн 49 настай эрэгтэй нас барсан байна. Тэрээр наймдугаар сарын 11-ний өдөр хоёр дахь тунгаа хийлгэснийхээ маргааш нас барсан ба одоогоор эрх баригчид вакцинаас болж амьсгал хураасан гэдгийг албан ёсоор баталгаажуулаагүй байна.
49 настай эрэгтэйг гурвалжин будааны харшилтай байсныг Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ. Үүнээс өмнө Модернагийн вакцин тариулсан хоёр хүн нас барсан бөгөөд мөн л вакцинаас болж нас барсан гэдгийг хараахан баталгаажуулаагүй байгаа ажээ. Тэдгээр 30 орчим насны хоёр эрэгтэй хоёр дахь тунгаа тариулснаас хойш хэдхэн хоногийн дараа нас барсан. Тэдний аль нь ч суур өвчингүй байсан гэж мэдээлжээ.
Япон улсад Модернагийн гурван багц вакцин бохирдсон байж болзошгүй гэж үзэн эргүүлэн татах шийдвэр гаргасан
Модернагийн гурван багц вакцинаас ган хэлтэрхийнүүд олдсоноор наймдугаар сарын 26-ны өдрөөс 1,6 сая тун вакциныг эргүүлэн татаж эхэлсэн юм. Ган хэлтэрхий илэрсэн вакциныг Модерна фирмтэй гэрээтэй Испани улсын Такеда эмийн үйлдвэрт үйлдвэрлэсэн байжээ.
Такеда эмийн үйлдвэрээс нас барсан тохиолдлуудтай холбоотой мэдээлэл хийгээгүй ч Модернагийн Ковид-19-ийн эсрэг вакцин дахь ган тоосонцрууд өвчтөний аюулгүй байдалд шууд хор хөнөөлтэй эрсдэл учруулахгүй, бүтээгдэхүүний чанар үр дүнд нөлөөлөхгүй хэмээн мэдэгдэж байжээ.
Вакциныг бохирдуулсан гэж үзээд байгаа хэлтэрхийнүүд хуруу шилны таглаанаас унаж вакцинтай холилдсон гэж үзээд байна. Япон улс коронавирусийн эсрэг дархлаажуулалтад Пфайзер, Модерна фирмүүдийн вакциныг түлхүү ашиглахаар болсон. Тус улсын хүн амын 48 хувь нь бүрэн тарилгаа хийлгэсэн, 59 хувь нь эхний тундаа хамрагдсан. Түүнчлэн энэ долоо хоногийн даваа гарагт долдугаар сараас хойш анх удаа Токиод шинэ халдварын тохиолдол 1000-аас буужээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.