Исламын шашны хатуу урсгалыг баримтлагч террорист бүлэглэл болох Талибан Афганистаныг эзлэн аваад байгаа энэ үед БНХАУ хөрш улс орнуудтайгаа хамтран терроризмын эсрэг цэргийн сургуулилт зохион байгуулж байна.
2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр эхэлсэн "Хамтын хувь тавилан-2021" цэргийн сургуулилтад Хятад, Монгол, Пакистан, Тайландын цэргийн хүчнүүд оролцож байгаа бөгөөд энэ сарын 15-н хүртэл үргэлжлэх юм. Хятадын Хэнань мужийн Чешань дахь Ардын чөлөөлөх армийн хамтарсан тактикийн сургалтын баазад явуулж байгаа тус сургуулилтад явган цэрэг, шуурхай ажиллагааны баг, нисдэг тэрэг, инженер, эмнэлгийн анги зэрэг мянга гаруй цэрэг оролцох гэнэ.
Эдгээр улсууд Афганистаны террорист хүч улам нэмэгдэх вий гэсэн болгоомжлол дор цугларсан бөгөөд газарзүйн байршлын хувьд Афганистантай ойрхон, тус улс дахь террорист хүчний талаар маш сайн мэддэг улсууд нэгдэн, бэлтгэл сургуулилт хийж байгаа аж. Талууд тагнуул, эргүүл, зэвсэгт дагалдан явах, иргэний хамгаалалт, терроризмын эсрэг дайралт, аврах, халдварт өвчний хяналт зэрэгт бэлтгэнэ гэж Хятадын Батлан хамгаалах яамнаас тайлбарлажээ.
Энэ бол Хятадын армийн зохион байгуулсан олон улсын энхийг сахиулах олон талт хүчний анхны сургуулилт бөгөөд "үндэстэн дамнасан энхийг сахиулах хүчний хамтарсан ажиллагаа"-нд чиглэсэн байна.
Эх сурвалж: China Daily, Yonhap News Agency
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.