Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенког эсэргүүцэгчдийн нэг, сөрөг хүчний удирдагч Мариа Калесникавад шүүхээс 11 жилийн хорих ял оноолоо. Тэрээр өннгөрсөн жил улсын орчин цагийн түүхэн дэх хамгийн том гудамжны эсэргүүцлийн жагсаалыг удирдахад нэгдсэн олны танил гурван эмэгтэйн нэг юм.
Түүнийг хил гарах гэж байхад нь өнгөрсөн жилийн есдүгээр сард баривчлан саатуулаад байжээ. Калесникаваг засгийн эрхийг хуйвалдан авахыг оролдсон, үндэсний аюулгүй байдлыг заналхийлсэн үйлдэлд бусдыг уриалан дуудсан, түүндээ цахим сүлжээ, хэвлэл мэдээллийг ашигласан хэрэгт яллажээ.
Мөн тус шүүх хуралдаанаар сөрөг хүчний зөвлөлийн удирдлагын багийн гишүүн хуульч Максим Знакад ижил хэргээр 10 жилийн хорих ял оноосон байна. Шүүхийн шийдвэр гарах хугацаанд Знак өөрийнх нь эсрэг тулгаж буй ялыг эсэргүүцэж өлсгөлөн зарлаад байсан юм.
Дээрх шийдвэр гарсны дараа түрүү жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчнийг төлөөлөн Лукашенкотой өрсөлдөж нэр дэвшсэн сөрөг хүчний удирдагч Святлана Циханоуская хорих ял сонссон хоёр хүн гэм буруугүй тул нэн даруй суллахыг шаардсан байна. Циханоуская одоогоор Литва улсад байрлаж байгаа бөгөөд эх орондоо эргэн ирж чадахгүй байгаа ажээ.
Шүүх хуралдаан дээр Калесникава, Знак нарыг шилэн хоргонд тусгаарласан ба гартаа гав зүүсэн Калесникава сурвалжлагчид руу инээмсэглэж, өнгөрсөн жилийн Лукашенкогийн эсрэг жагсаалын бэлгэ тэмдэг болсон зүрхэн хэлбэртэй тэмдгийг үзүүлжээ. Энэ хооронд Беларусь даяар сөрөг хүчнийг дэмждэг улс төрч, хуульч, сэтгүүлч, иргэний нийгмийн олон зуун гишүүнийг баривчлах ажиллагаа явагдсаар байна.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.