Египет улсын Шарм эль-Шейхээс Каир хүрэх хот хоорондын автобус өнгөрөгч бямба гарагт осолдож, 12 хүн амиа алдан, 38 хүн шархаджээ.
Тус улсын нийслэл Каир хотоос 100 орчим км-ийн зайд орших Каир-Суэц хурдны зам дээр явж байсан уг автобусны ослын шалтгааныг хараахан тогтоогоогүй байна. Түүнчлэн тус автобус нь жуулчны автобус байсан эсэх талаар албан ёсны мэдээлэл өгөөгүй байгаа юм.
Ослын газарт 30 орчим түргэн тусламжийн машин очсон бөгөөд шархадсан иргэдийг Суэцийн эмнэлэгт хүргэсэн аж. Хохирогчдын дунд хоёр хүүхэд байгаа ба хэд хэдэн хүний биеийн байдал хүнд байгаа аж.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр Египетэд жилд дунджаар 12 мянган хүн автомашины ослоор нас бардаг гэнэ. Ихэнх тохиолдолд жолооч нар замын хөдөлгөөний дүрмийг ноцтой зөрчин, хурдны хязгаарлалтыг дагаж мөрддөггүй бөгөөд шөнийн цагаар гэрэл, гэрэлтүүлгийн дүрмийг үл тоомсорлодог нь хүний хүчин зүйлээс үүдэлтэй ослын шалтгаан болдог байна.
Эх сурвалж: TASS
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.