АНУ-ын Иллинойс мужийн Урбана-Шампейны их сургуулийн эрдэмтэд хөхний хорт хавдрыг бүрэн эмчлэх боломжтой эмчилгээ гаргаж авснаа танилцуулжээ. Уг туршилтыг хулгана дээр гүйцэтгэхэд яс, тархи, уушги, элгэн дэх хөхний хорт хавдрын үсэрхийлсэн хэсгүүдийг 95-100 хувь хүртэл эмчилж чадсан байна. Иллинойс мужийн эрдэмтдийн гаргаж авсан ErSO нэртэй эм нь хөхний хорт хавдрын том хэлбэрээс эхлээд үл үзэгдэх жижиг хэсгүүдийг ч устгаж байжээ.
Биохимийн шинжлэх ухааны профессор Дэвид Шапирогийн хэлснээр хорт хавдрын эсүүд үлдэж, хэдэн сарын хугацаанд дахин том хавдар болж ургах боломжтой ч ErSO-ын эмчилгээнд бүрэн мэдрэг хэвээр үлдэж байжээ. Шинэ эмний үйлчилгээний үр дүн хөхний хавдарт өндөр хувийг эзэлдэг эстроген дааврын уургийн бүтцээс шалтгаалах юм байна. ErSO нь эстрогений рецептортой холбогдож, хавдрын эсийг хурдан ургахаас хамгаалдаг ажээ. Хавдрын эсийг түргэн устгаж байгаа бөгөөд эрүүл эсүүдэд хорт нөлөө үзүүлдэггүй гэдгээрээ сүүлийн үед туршигдаж байгаа хорт хавдрын эсрэг эмчилгээнүүдээс давуу талтай байгаа юм.
Эрдэмтэд үргэлжлүүлэн уг эм нь хөхний хорт хавдраас гадна бусад төрлийн хорт хавдруудад ямар нөлөө үзүүлж байгааг, хүн дээр клиникийн туршилтын үр дүн хэрхэн гарахыг судлахаар бэлдэж байна.
Эх сурвалж: Science Daily
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.