Их Британийн вакцины зөвлөх байгууллагаас 12-15 насны эрүүл хүүхдүүдийг бүх нийтийн коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамруулахгүй байхыг зөвлөжээ.
Тус улсын Вакцинжуулалт, дархлаажуулалтын хамтарсан хорооны албан ёсны мэдэгдэлд "Вакцинжуулалтын эрүүл мэндэд үзүүлэх ашиг тус нь болзошгүй хор хөнөөлөөс хамаагүй өндөр хэдий ч 12-15 насны хүүхдүүдэд үзүүлэх ашиг тус нь хэтэрхий бага учир тэднийг бүх нийтийн дархлаажуулалтад хамруулахгүй байх нь зөв гэж үзэж байна" хэмээн тэмдэглэсэн байна.
Гэхдээ хорт хавдар, чихрийн шижин, амьсгалын замын болон мэдрэлийн өвчин зэрэг суурь өвчний улмаас эрсдэлд өртөх магадлал өндөртэй хүүхдүүдэд вакцин тарихыг зөвлөж байгаа гэдгээ тус хорооноос нэмж хэлжээ.
Мэдэгдэлд үргэлжлүүлэн "Ихэнх хүүхдүүдийн хувьд "SARS-CoV-2" халдвар нь шинж тэмдэггүй эсвэл бага зэргийн шинж тэмдэгтэй илэрч байгаа бөгөөд эмчилгээ хийлгэхгүйгээр эдгэрч байгаа" хэмээн онцолсон байна.
Харин Их Британийн эрх баригчид бүх нийтийн вакцинжуулалтыг шаардсан хэвээр байгаа бөгөөд үүнд 12-15 насны бүх хүүхэд багтаж байгаа юм. Энэхүү шийдвэр нь Английн ихэнх сургууль эргээд нээсэнтэй холбоотой бөгөөд тус улсын Засгийн газрын зүгээс Израиль, АНУ, Германд ижил насны хүүхдүүдийг дархлаажуулалтын хөтөлбөрт хамруулж байгааг иш татан онцолж байгаа аж.
Эх сурвалж: UPI
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.