Цар тахлын улмаас аялал жуулчлалын салбар нь бараг зогссон Бали арлын сармагчнууд орон нутгийн иргэдийн гэрт дайрч орон, хоол хүнс хулгайлан идэх болжээ.
Санге тосгоны оршин суугчдын хэлснээр макака гэх нэртэй эдгээр сармагчнууд нь байшингийн дээвэр дээр суун, хүмүүсийн хоол хүнсийг шүүрэн авах болсон аж. Уг тохиолдол нэмэгдэхийн хэрээр тосгон тэр чигээрээ сармагчнуудын дайралтад өртөх вий гэж эмээсэн иргэд жимс, газрын самар болон бусад хоол хүнсийг ойд тавьж байгаа гэнэ.
Тосгоны иргэн Саскара Густу Алит энэ талаар "Өлссөн сармагчнууд зэрлэг, харгис болно гэж бид айж байна" хэмээн ярьжээ.
Нийт 600 орчим макака сармагчин алдарт Пура Букит Сари сүмийн дэргэд орших ойн дархан цаазат газарт амьдардаг бөгөөд нутгийн иргэд тэднийг ариун дагшин гэж тооцдог аж. Энгийн үед Бали арлын зүүн өмнөд хэсэгт орших энэхүү ширэнгэн ой нь олон улсын зочдоор дүүрэн байдаг байжээ. Гэвч жуулчдын хөл тасарснаар сармагчнуудад хоол хүнс авчрах хүн байхгүй болсон бөгөөд дархан цаазат газар ч орлогогүй болсноор амьтдад хоол хүнс худалдаж авах мөнгөгүй болсон байна.
Балигийн дөрвөн сая оршин суугчийн орлогын гол эх үүсвэр нь аялал жуулчлал бөгөөд цар тахал дэгдэхээс өмнө тус арал нь жил бүр таван сая гаруй гадаадын жуулчныг хүлээн авдаг байжээ.
Харин Санге сармагчны ойд сард 6,000 орчим зочин ирдэг байсан бол коронавирусийн улмаас олон улсын аялал эрс буурч, энэ тоо 500 орчим болж буурсан байна.
Эх сурвалж: AP
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.