2019 оны аравдугаар сард манай улсад БНХАУ-ын харьяат 800 гаруй хүн орж ирэн, мөнгө угааж, цахим сүлжээ ашиглан бусдыг залилахыг завдсаныг манай тагнуул, ЭЦА-ныхан илрүүлэн гэмт үйлдлийг нь таслан зогсоосон билээ.
Тэднийг удирдаж байсан өмнөд хөршийн иргэн Шу Хуйхуан, Еэ Чинхуй, Хуан Яаошэнг, Хуан Шинбин, Лиан Жүфэнг, Нарсу нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 1-2-нд дахин хэлэлцээд, ял шийтгэжээ.
Уг нь БНХАУ-ын дээрх иргэдэд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гурван өдрийн турш хэлэлцээд нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаах шийдвэр гаргаж байсан юм.
Ингэхдээ 2019 оны оны аравдугаар сард БНХАУ-ын талд хүлээлгэн өгсөн 800 гаруй хүний дунд багтан эх орондоо буцсан нэг хүнийг авчирч, тайлбар мэдүүлэг авах, шүүхэд дуудан ирүүлэхийг даалгасан байдаг. Эл шийдвэрийг НПГ-ын хяналтын прокурорууд үл зөвшөөрч, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан эсэргүүцэл бичсэн билээ.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр болсон ч шүүгдэгч нарын нэгнийх нь өмгөөлөгч Дээд шүүхийн Эрүүгийн танхимд хандсан. Харин Дээд шүүхийнхэн гомдлыг хүлээн авахаас татгалзсанаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг, Б.Мөнх-Эрдэнэ, З.Болдбаатар нар Шу Хуйхуан, Еэ Чинхуй, Хуан Яаошэнг, Хуан Шинбин, Лиан Жүфэнг, Нарсу нарын гэм буруутай, эсэхийг хоёр өдрийн турш хянан хэлэлцсэн байна.
НПГ-аас дээрх зургаан хүнд Эрүүгийн хуулийн 20.3-т заасан зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулсан, 17.3 дахь хэсгийн бусдын эд хөрөнгийг залилсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн билээ. Анхан шатны шүүх шүүхээс Шүй Хуйхуан, Хуан Яаошэнг, Еэ Чинхуй нарыг зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, Нарсу, Хуан Шинбин, Лиан Жүфэнг нарыг гэмт бүлэглэлд элссэн гэм буруутай нь тогтоогдсон гэж үзээд эл үйлдэлд нь 1-2 жил хорих ял оноожээ.
Мөн энэ зургаан хүнийг залилах гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдэхийг завдсан үйлдэл нь нотлогдсон гэж дүгнээд тус бүрийг нь гурван жил хорихоор болсон байна. Ингээд шүүгдэгч Шүй Хуйхуан, Хуан Яаошэнг, Еэ Чинхуй нарт ногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг тав, Нарсу, Хуан Шинбин, Лиан Жүфэнг нарыг дөрвөн жил байхаар тогтоожээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.