Японы нэгэн софтболын тамирчны Олимпын алтан медалийг хазан, ихээхэн шүүмжлэлд өртөөд байсан Нагоя хотын дарга Такаши Кавамура коронавирусийн халдвар авсан болох нь тогтоогджээ.
Кавамурагийн Нарийн бичгийн дарга нь цар тахлаар өвчилсөн нь тогтоогдсоны дараа тэрээр мөн шинжилгээнд хамрагдсан бөгөөд хариу нь "Эерэг" гарсан байна. 72 настай Хотын даргад халдварын ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй бөгөөд албан үүргээ бусад албан тушаалтнуудад хүлээлгэж өгөөд, гэртээ амарч байгаа аж.
Тэрээр өнгөрөгч 8 дугаар сард Японы эмэгтэйчүүдийн софтболын багийн гишүүн Миу Гототой уулзаж, Олимпын алтан медаль авсан явдалд нь баяр хүргэсэн юм. Гото нь Нагоя хотоос гаралтай бөгөөд тэрээр тус хотын захиргаанд зочлон, зургаа авхуулах үеэр Кавамура түүний медалийг хүзүүндээ зүүгээд, амны хаалтаа тайлан, медалийг нь хазсан байна.
Олон нийтийн зүгээс Такаши Кавамураг Олимпын тамирчныг хүндлээгүй гэж үзсэн бөгөөд цар тахлын үед "мэдрэмжгүй" үйлдэл гаргасан хэмээн шүүмжилсэн билээ.
Тэрээр удалгүй олон нийтийн сүлжээгээр дамжуулан уучлал гуйсан бөгөөд гурван сар цалингүй ажиллахаа амласан юм.
Эх сурвалж: Kyodo
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.