“Ногоон алт-малын эрүүл мэндийн төсөл”-ийн санхүүжилтээр бэлчээрийн мониторингийн үндэсний сүлжээг бэхжүүлэх ажлыг хэрэгжүүлжээ. Ингэснээр хаагуур, хэдий хэмжээний бэлчээр хэрхэн доройтож буйг бодитойгоор оношилж улмаар доройтлоос сэргийлэх, доройтсон бэлчээрийг сэргээн сайжруулах нөөц боломжоо бодитойгоор тооцдог болжээ.
Уг асуудлаар “Ногоон алт” төслийн бэлчээрийн асуудал хариуцсан мэргэжилтэн, доктор Д.Булгамаа:
-Ногоон алт, Малын эрүүл мэнд төслийн дэмжлэгээр ус, цаг уур болон газрын харилцааны улсын сүлжээг түшиглэн бэхжүүлсэн Бэлчээрийн мониторингийн 2 том сүлжээ нь бэлчээрээ жил бүр оношилдог болсон. “Бэлчээрийн мониторингийн дүн мэдээ, үндэсний тайлан”-гаас үзэхэд Монгол орны нийт бэлчээрийн газрын 65 хувь өөрчлөгдөж доройтсон төлөвтэй байна.
Малын тоо хэт өссөнөөс бэлчээрийн доройтол эрчимжиж буйг малчид хүлээн зөвшөөрдөггүй, хур бороо орохгүйгээс л газар нутаг гандуухан байна гэдэг малчид цөөнгүй байсан. Сүүлийн жилүүдэд идэмж сайтай, тэжээллэг өвс ургамлын гарц, төрөл зүйл жил ирэх тусам буурсаар байгааг малчид ойлгодог ярьдаг болсон.
Бэлчээрийн доройтлын явц, шинж тэмдэг нь байгалийн бүс бүслүүрээс хамааран харилцан адилгүй байдаг. Тухайлбал, ой хээрийн бүсэд нарийн өвс голлосон унаган ургамлын эзлэх хувь буурсаар тэжээлийн ач холбогдлоор муу, хөл газрын ургамлаар солигддог бол хээрийн бүсэд өнгөн хөрс суларч ус салхины элэгдэл эрчимжсэн байх жишээтэй.
Эдгээр өөрчлөлтийг даган байгалийн зэрлэг амьтад болон шувуудыг амьдрах орчноор хангах, хөрсийг үндсээрээ барьж элэгдэл эвдрэлээс хамгаалах зэрэг үйлчилгээг алдахад хүрч байна.
Доройтсон бэлчээрийн сэргэлтийн талаарх туршилт судалгааны дүнгээс үзэхэд ашиглалтыг тохируулж ургамалд сэргэн ургах боломжийг олгосноор доройтсон бэлчээрийн дийлэнх хувь нь сэргэнэ. Харин унаган ургамал нь доройтлыг илэрхийлэгч зүйл ургамлаар солигдож хөрсний элэгдэл эвдрэл хүчтэй илэрч доройтсон бэлчээр байгалийн аясаар сэргэх боломжгүй.
Манайх шиг чийгийн хангамжаар муу, ургамал ургалтын хугацаа богино нөхцөлд доройтсон бэлчээрт үр цацаад сэргээнэ гэдэг экологийн болон эдийн засгийн хувьд боломжгүй, тиймээс бэлчээрийг хүчтэй доройтуулахаас сэргийлэх, мал бэлчээрлэлтийн ачааллыг даацад нь тохируулах зохицуулалтуудыг цаг алдалгүй нэвтрүүлэх шаардлагатай байна.
Нэгдүгээрт: Бэлчээрийн мониторингийн арга зүйг олон улсын жишигт нийцүүлж шинэчлэн сайжруулах, үндэсний түвшинд нэгдсэн нэг арга зүйг нэвтрүүлсэн. Учир нь арга зүйн зөрүүгээс доройтолд орсон бэлчээрийн газрын хэмжээ, доройтлын түвшний талаарх зөрүүтэй дүн мэдээ нь ойлгомжгүй, ашиглахад бэрхшээлтэй байлаа.
Хоёрдугаарт: Мониторингийн анхдагч мэдээллийг боловсруулах, дүн шинжилгээ хийх онолын үндсэн зарчмууд, загваруудыг боловсруулан нэвтрүүлсэн. Тухайлбал, Монгол орны бэлчээрийн голлох төрлүүдээр экологийн чадавхид суурилсан лавлагаа мэдээллийн сантай болсноор доройтлын түвшинг болон сэргэх чадавхийг тодорхойлох боломжтой болсон.
Гуравдугаарт: Мониторингийн сүлжээг бэхжүүлэх зорилгын хүрээнд хээрийн судалгааны багаж хэрэгслээр хангах, холбогдох мэргэжилтнүүдийг сургаж чадавхижуулахад нэлээд сайн анхаарч ажилласаны дүнд тус 2 сүлжээний хувьд мониторингийн хөтөлбөрөө үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, тогтвортой байдлыг хангах бүрэн чадавхи бүрдсэн.
Бэлчээрийн асуудал хариуцсан тодорхой бүтэцгүй манай улсын хувьд энэхүү нэгдсэн арга зүй нь оролцогч талуудыг нэгтгэн зангидах гол арга хэрэгсэл болж байна. Экологийн чадавхид суурилсан энэхүү нэгдсэн арга зүйг нэвтрүүлснээр бэлчээр судлалын шинэ үеийн суурийг тавьсан гэж хэлж болно.
Улсын хэмжээнд бэлчээрийн мониторингийн хоёр том сүлжээ ажиллаж байна.
Эхнийх нь Ус, цаг уурын улсын сүлжээний дэргэдэх бэлчээрийн экосистемийн төлөв байдлын мониторинг ба багийн түвшний 1550 цэгийг хамардаг. Одоогоор, 2011 оноос эдүгээ хүртэлх 10 жилийн мэдээлэл бүхий нэгдсэн сантай болсон байна.
Хоёрдугаарт, Газрын харилцааны сүлжээний дэргэдэх Бэлчээр ашиглалтын нөлөөг хянах фотомониторингийн сүлжээ аймаг, сум, баг, бэлчээр ашиглагчдын хэсэг, түүний доторхи улирлын бэлчээрийг төлөөлөх 5100 цэгийг хамарч байна (www.gazar.gov.mn). Фотомониторингийн үр дүнд тулгуурлан бэлчээр ашиглалтын горим, ачаалал хэр тохиромжтойг, мөн бэлчээр ашиглалтын гэрээний хэрэгжилтийг хянадаг.
Дундаа ашигладаг бэлчээрийн газар дээр нь үндэслэн малчдын хэсэг, бүлгийн түвшинд бэлчээрийн төлөв байдал, нөөцийг нь тодорхойлж зурагладаг. Бэлчээр ашиглалтын нөлөөг хянах фотомониторингийн 2020 оны дүнгээс үзэхэд бэлчээрийн зохистой ашиглалтыг нэвтрүүлснээр сүүлийн 5 жилд улсын хэмжээгээр 20,6 сая га бэлчээрийг сайжруулсан байна.
Мянгат малчин тодруулдаг, банкны зээл авахад малын тоо толгой хардаг нь малын тоо хяналтгүйгээр өсөхөд нөлөөлж байна. Малын тоогоо өсгөсөн ч Монгол малын бүтээгдэхүүн, арьс шир, түүхий эд зах зээл дээр хямд, үүнийг дагаад малчин өрхийн орлого доогуур байгаа нь нууц биш.
Тэгэхээр бид эртнээс өвлөж ирсэн нүүдэлчин ахуйгаас хүртэх ашиг шимээ үнэ цэнтэй болгож, эдийн засгийн эргэлтэд оруулах нь бэлчээрээ сайжруулах, бэлчээрийн зохистой ашиглалтаас эхэлнэ.
Байгалийн эрүүл бэлчээрээс гаралтай, байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай бүтээгдэхүүн гэдгийг баталгаажуулж эх дэлхийдээ ээлтэй, хариуцлагатай гэдэг имижээр олон улсын зах зээлд танигдах л чухал. Ингэж чадвал монгол малын гаралтай бүтээгдхүүний өрсөлдөх чадвар нэмэгдэн эдийн засгаа солонгоруулах боломжийг нэмэгдүүлж чадна.
Хамгийн гол нь малчид хамтарч бэлчээрээ зүй зохистой ашиглах нь тэдний нүүдэлчин амьдралын хэв маягийг тэтгэдэг юм байна гэдгийг ойлгосон бол энгийн иргэд ч бэлчээр гэдэг бол зөвхөн хэдэн малчны л санаа зовох асуудал биш гэдгийг бага багаар ойлгож буй нь мэдрэгдэж байгаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.