БНХАУ-ын Засгийн газраас зургаа болон долоон настай сурагчдаас бичгийн шалгалт авахыг хориглох болсноо зарлажээ. Мөн бүх түвшний сурагчдаас нэг улиралд авах шалгалтын тоог хязгаарласан байна.
Энэ нь өндөр өрсөлдөөнтэй боловсролын тогтолцоонд эцэг эх, сурагчдад үзүүлэх дарамтыг бууруулах зорилготой аж. Хятадын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид бага ангид элсэн орсноосоо хойш их дээд сургуульд элсэх шалгалт өгөх хүртлээ тогтмол шалгалт өгөх ёстой байдаг бөгөөд тус улсын Боловсролын яамнаас энэхүү дарамт нь сурагчдын "бие махбодын болон сэтгэцийн эрүүл мэндэд хор хөнөөл учруулж байна" гэж мэдэгдсэн байна.
Тус яамны мэдэгдэлд "Шалгалт нь сургуулийн боловсролын зайлшгүй хэсэг. Гэхдээ зарим сургууль хэт их шалгалт авч, сурагчдад хэт их ачаалал өгдөг бөгөөд үүнийг засах ёстой. Бага сургуулийн нэг, хоёрдугаар ангийнхан бичгийн шалгалт өгөх шаардлагагүй болно. Бусад ангийн хувьд сургуулиуд улирал бүр төгсөлтийн шалгалт зохион байгуулж болно" хэмээн тэмдэглэжээ.
Түүнчлэн энэ жил тогтоосон шинэ дүрмийн дагуу нэгдүгээр ангийн сурагчдад гэрийн даалгавар өгөхийг хориглосон бол дунд ангийн сурагчдын гэрийн даалгаврыг 1.5 цаг хүртэлх хугацаагаар хязгаарласан байна.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.