Хичээлийн шинэ жил удахгүй эхлэх гэж байгаатай холбоотойгоор сурагчдаас түүврийн аргаар коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээг авахаар болжээ.
Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Тухайн сургууль нэгдүгээр ангийн 100 сурагчтай гэж бодоход 5-6 сурагчаас л шинжилгээ авна. Бүх хүүхдээс авна гэж ойлгож болохгүй. Мөн шинжилгээг хамраас авахгүй, залгиураас авах боломжтой" гэлээ.
Харин 0-11 насныханд иммуноглобулиныг хийх эсэх асуултад "Иммуноглобулиныг 2000 оны эхээр манай улс үйлдвэрлэдэг байснаа зогсоосон. Одооноос дахин үйлдвэрлэж эхлэхээр судалж байна.
Үүнийг бүх насныханд хийх боломжтой. Ханиадны улирал эхэлж байгаа тул вакцинд хамрагдаагүй хүүхдүүддээ хийх боломжийг судалж байна. Үүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлбэл хүүхдүүдийнхээ дархлааг дэмжих боломжтой" гэсэн юм.
Монгол Улсад батлагдаж буй халдварын 25-30 хувийг хүүхдийн эзэлж байгаа ба вакцинжуулалттай холбоотойгоор 12-17 насныхан халдвар авах нь буурч байгааг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.