Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах "Тайм тауэр" хотхоны оршин суугчид өнөөдөр байрныхаа гадна талбайд эсэргүүцэл илэрхийлж, мэдээлэл хийлээ.
Тус хотхоны зэргэлдээ байрлах “Энконто хотхон”-ны холбогдох албан тушаалтнуудын гаргасан шийдвэрийн дагуу нийтийн эзэмшлийн замыг хашаалж, бетонон хашаа барих гэж байгааг "Тайм тауэр" хотхоны оршин суугчид ийнхүү эсэргүүцсэн юм.
Энэ үеэр хотхоны оршин суугчдын төлөөлөл ярихдаа "Манай хотхонд 500 гаруй айл оршин суудаг. Гэтэл өнөөдөр энэ хотхонд галын машин байтугай томхон машин ч орж ирэх боломжгүй болгож, бетон хашаа барих гэж байна.
Гэнэтийн осол аваар гарвал яах вэ. Оршин суугчдын зүгээс компанийн удирдлагуудтай уулзах гэсэн боловч уулзахгүй, ямар ч хариу өгөхгүй байна. Бид анх газар шорооны ажил эхлэхэд л шаардлага тавьсан. Гэтэл нэг ч төрийн байгууллагаас ирж, барилгын ажилтай танилцаагүй. Мэргэжлийн хяналт, дүүргийн Газрын албанд хандаад, ямар ч үр дүн гарахгүй байсаар өдийг хүрлээ. Одоо энэ барилгыг барьж дуусаад, замын асуудал гарч ирж байна. Хотхон, орон сууцны хорооллууд хоёроос дээш орц, гарцтай байх ёстой байдаг.
Ганц үлдсэн орц, гарц нь ачаалал ихтэй Хүннүгийн гудамж. Төрийн албаныхан ажлаа хийхгүй, удааширч байна. “Энконто хотхон” бол УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын хамаарал бүхий компанийн барилга иймээс Ж.Ганбаатарт гомдол гаргах болно” гэсэн юм.
"Тайм тауэр" хотхоны оршин суугч: Нийтийн эзэмшлийн алга дарам замыг хашаалж, өөрсдийн мэдэлд авах гэж байна. “Энконто хотхон”-ны холбогдох хүмүүсээс ямар учраас ийм шийдвэр гаргаж байгаа гэхээр олигтой хариу хэлэхгүй, хүчээр бетолж хашаа барьж байна. Бид нар эсэргүүцэл үзүүлэхэд хэдэн залуус хэл амаар доромжилж байна. Цаашлаад тус хотхоны усны хаялга манай хотхон руу орж ирдэг.
“Энконто хотхон”-ны холбогдох албан тушаалтан дараах тайлбар мэдээллийг өгсөн юм. Тэрбээр “Энэ зам бол нийтийн эзэмшлийн нэг урсгалтай зам. Өөрийнхөө хотхоныг тусгаарлаж уг хашааг барих гэж байна. Угаасаа өмнө нь хашаатай байсан газар. Манайх замын гүйцэтгэлээ 100 хувь хийчихсэн. Угаасаа ашигладаггүй замыг ашиглах гэж байна. Манай компани хоёр дахь гарц, орцыг нь хийж өгье гэхэд иргэд нь эсэргүүцээд байгаа. Уг хотхон өөрөө нам доор газар баригдсан учраас усны хаялга уг барилга руу урсаж ордог шүү дээ” гэсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Шивээлсэн цементэн авс бариулж байгаа хот хөгжлийн үе үеийн мэргэжилтэн архитектор нараас одоо ял асуух цаг ирсэн.