Ойрын өдрүүдэд хүчтэй аадар бороо үргэлжлэн орсны улмаас орон нутгийн замд үер бууж иргэд автомашинтайгаа усанд урссан дуудлага Онцгой байдлын албанд ирсээр байна.
Тодруулбал, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Хөхөө багийн “Алагцарын гол” гэдэг газар таван том хүн, гурван хүүхэд зорчиж явсан суудлын автомашин үерт урсжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Хатгал тосгоны цагдаагийн тасгийн алба хаагчид 30 км замыг туулан 08:19 цагт очиж Ханх сумаас Мөрөн сумын чиглэлд зорчиж явсан найман зорчигчтой суудлын автомашиныг 17 минут ажиллан эсэн мэнд гаргасан байна.
Мөн Завхан аймгийн Алдархаан сумын “Өндөр толгой” гэдэг газар ачааны автомашин Богдын голд унасан тухай дуудлага энэ сарын 18-ны өдөр иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан очиж “Портер” загварын автомашин голын усанд унасан байсныг гаргасан.
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Баянхошуу багийн “Шугуй” гэдэг газар Дэлгэрмөрөн голд 4 зорчигчтой автомашин үерийн усанд автсан тухай дуудлагыг 08.18-ны өдөр иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 10 км замыг туулан очиж иргэн С /34 настай, эрэгтэй/-ийн “Приус-20” загварын суудлын автомашинтай Ө /31 настай, эмэгтэй/, Т /10 настай, эрэгтэй/, Н /7 настай, эмэгтэй/ нар 2000 бог малтай үерийн усанд автсаныг аварч аюулгүй газар гаргасан.
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нисэх багийн “Цагаан эрэг” гэдэг газар 2 өдөр үргэлжлэн орсон борооны улмаас Дэлгэрмөрөн голын усны түвшин нэмэгдэж 1 айл үерийн усанд автсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 06:40 цагт очиж иргэн Б-гийн 5 ханатай гэр, 2 том хүн, 3 хүүхдийг аврах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.