Өмнөговь аймгийн Гурван сайхан сумын нутаг үйл ажиллагаа явуулдаг "South Gobi Sands" компани Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд Цаг уурын явуулын станц хандивлалаа.
Энэхүү бичил станц нь агаарын чийг, салхины хурд гэх мэтийн цаг уурын зургаан төрлийн нөхцөл, байдлыг хэмждэг бөгөөд үүнийг Говийн их дархан газарт ашиглаж эхэлснээр үүлэнд зориудаар нөлөөлж, хур тундас оруулах ажил илүү үр дүнтэй болох юм байна.
Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд Монгол орны говийн бүс тэр чигтээ багтдаг буюу нийт 4.6 сая га талбайг хамардаг ч ердөө 50 орчим л жижиг булаг, шандтай. Гэвч гантай жил булаг шанднууд нь ширгэж үгүй болдог бол өвөлдөө хөлддөг байна.
Гэтэл Говийн их дархан цаазат газрын бүс нутагт дэлхийн хаана ч байхгүй мазаалай баавгай, хоёрхон улсад байх хавтгай тэмээ, Монголын Улаан номонд орсон 33 зүйл хөхтний 15 зүйл нь, мөн Улаан номонд орсон мөлхөгчдийн гурван зүйл нь, 280 зүйл шувуу, 260 зүйл ургамалт байдаг.
Нэг үгээр ган гачиг, байгаль цаг уурын нөхцөл байдлаас үүдэн Монгол орны говь, түүний эко систем устаж, үгүй болоход ойрхон байна гэсэн үг. Тиймдээ ч үүлэнд зориудаар нөлөөлж, хур тундас оруулах нь маш чухал ажил бөгөөд энэхүү ажлыг үр дүнтэй болгоход уг бичил станц ихээхэн ашиг тусаа өгөх ажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.