СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-08-09

🔴 LIVE: Х.Нямбаатар: Оюутолгойн хөрөнгө оруулалтын зардал 1.4 тэрбум доллараар хэтэрсэн нь геотехникийн хүндрэлээс болоогүйг тогтоолоо

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 жилийн өмнө

Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 4 их наяд төгрөгөөр өсч, ашиглалтад орох хугацаа 22 сар буюу хоёр жил орчмоор хойшилсон асуудалд Хөндлөнгийн шинжээчид шалгалт хийж дүнгээ гаргажээ. Шинжээчид юун түрүүнд төслийн гүйцэтгэлийн явц удааширсан нь геотехникийн асуудал, хүндрэлээс үүдээгүй гэх дүгнэлт гаргасан байна.

Оюутолгой компанийн зүгээс зардал хэтэрсэн асуудлыг урьдчилан тооцоолошгүй хөрсний чулуулаг, геотехникийн нөхцөл байдлаас шалтгаалсан гэх тайлбарыг Ажлын хэсэгт болон хөрөнгө оруулагчдад өгч байсан билээ.

Өөрөөр хэлбэл, тус компани Монголын талд худал тайлбар өгч байсан ажээ. Харин хөндлөнийн шинжээчид зардал хэтэрсэн шалтгаан нь хугацааны хэтрэлт, төслийн менежментээс болсон гэж үзжээ. Тиймээс Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт дээр Риотинто компани албан ёсны тайлбар өгөх, Далд уурхайн бүтээн байгуулалтыг нэн даруй эхлэхийг Монгол Улсын Засгийн газар шаардаж байгаа ажээ.

Түүнчлэн Оюутолгойн бүлэг ордын нөөцийн тодотгол тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс 2021 оны 3 дугаар сард хүлээн авалгүй буцаасан. Үүнтэй холбоотойгоор гаргасан зөвлөмжид тусгасан зарим асуудалд хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт тайлбар өгч байна гэж бид харж байна.

Тухайлбал, Оюутолгой ХХК-иас Оюутолгойн бүлэг ордын нөөцийн тодотгол тайланг хүргүүлсэн бөгөөд энэхүү тайланд Оюутолгой ордын нөөц 8 орчим хувиар буурсан, төслийн зардал яагаад нэмэгдсэн талаар тодорхой тайлбарыг Оюутолгой ХХК-иас өгөхгүй байсны улмаас тодотгол тайланг хүлээн аваагүй байсан юм.

Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын талаар

 - Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтыг 2013 оны 8-р сард хувьцаа эзэмшигчдийн хооронд үүссэн асуудлыг шалтаглан Рио Тинто компаниас түр зогсоосон.

- Ч.Сайханбилэгийн Засгийн газар маргаанд хүргэсэн гэх асуудлаар Рио Тинтотой тохиролцоонд хүрч (бараг бүх асуудлаар буулт хийсэн) Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээ гэх баримт бичгийг 2015 оны 5 дугаар сард Дубайд байгуулсан. Дубайн гэрээг байгуулснаар Оюутолгой ХХК 6 тэрбум орчим ам.долларын төслийн санхүүжилтийн зээлийг Олон улсын санхүүгийн корпораци, Европын сэргээн босголт, хөгжлийн банк тэргүүтэй 10 гаруй санхүүгийн байгууллага, банкуудаас авсан. Төслийн санхүүжилтийн 4.4 тэрбум ам.долларын зээлийг бүхэлдээ Оюутолгой ХХК нь Туркойс Хилл компаниас авсан байсан хувь нийлүүлэгчдийн зээлийг эргүүлэн төлөхөд зарцуулсан. Төслийн санхүүжилтийн зээл авсанаар Рио Тинто компани нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулахад тулгарч болох улс төрийн эрсдэлээ бууруулж, төсөлд оролцогч талуудыг нэмэгдүүлсэн.

- Дубайн гэрээг байгуулж, төслийн санхүүжилт авсанаар Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх боломж бүрдлээ гэсэн мэдэгдлийг Рио Тинто тухайн үед гаргаж байсан бөгөөд 2016 оны эхээр гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. Тухайн үед гаргасан 2016 оны ТЭЗҮ-ийн дагуу гүний уурхайн бүтээн байгуулалтад нийт 5.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт оруулж 2021 оны 1 дүгээр сард тогтвортой үйлдвэрлэл эхлэх буюу гүний уурхайгаас олборлолт эхлэхээр төлөвлөж байсан.

 -  2019 оны 7 дугаар сарын 16-нд Рио Тинто компани хөрөнгө оруулагчдад Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.2-1.9 тэрбум ам.доллароор нэмэгдэж, ашиглалт орох хугацаа 16 сараас 30 хүртэл сараар хойшлохоор байгаа талаар мэдэгдсэн. Энэхүү мэдэгдлийг гаргасны дараа Туркойс Хилл компанийн хувьцаа хоёр дахин унасан.

-  2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Рио Тинто компани гүний уурхайн бүтээн байгуулалтын илүү нарийвчилсан тооцоог олон нийтэд зарласан бөгөөд энэхүү тооцоолол нь ТЭЗҮ-тэй харьцуулахад илүү тодорхой, нарийвчилсан тооцоолол болохыг дурдсан. Энэхүү мэдэгдэлд дурдсанаар гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.45 тэрбум ам.доллароор нэмэгдэж, тогтвортой үйлдвэрлэл эхлэх хугацаа 2022 оны 10-р сар хүртэл хойшлох талаар мэдэгдсэн. Рио Тинто компани ийнхүү зардал их хэмжээгээр нэмэгдэж, хугацаа хойшилсон шалтгааны хөрсний чулуулгийн нөхцөл байдал буюу геотехникийн нөхцөл байдлаас шалтгаалсан гэж тайлбарладаг. Урьдчилан харах боломжгүй, Рио Тинтогийн хяналтаас гадуур байгалийн хүчин зүйлээс болж байна гэсэн тайлбарыг Рио Тинто Засгийн газарт удаа дараа өгч байсан. Рио Тинто компаний Зэсийн группийн захирал Б.Болд мөн хэвлэлээр өгсөн ярилцлагад үүнийг баталгаажуулсан.

- Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалттай холбогдуулж Туркойс Хилл компанийн жижиг хувьцаа эзэмшигчид Нью-Йоркийн шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа бөгөөд “шүгэл үлээгчид” АНУ, Их Британийн зохицуулах байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Их Британийн Үнэт цаасны зохицуулах газраас Рио Тинтогийн эсрэг албан ёсны хянан шалгах ажиллагаа эхлүүлсэн талаар мэдээлэл мөн гарсан.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
64.119.21.238

Зөвшөөрөхгүй бол муу, сайн юмнууд болино биз! Баялаг доороо байж байг. Илүү дутуу зардлаа бүгдийг нь танаад Амьдарцгаая !

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.