СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Г.Дэнзэнг гэм буруутай гэж шүүх дүгнэсэн ч хариуцлага хүлээлгэсэнгүй

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
3 жилийн өмнө

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн хүргэн нь хэмээн хэвлэлээр бичдэг Г.Дэнзэнд холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх мягмар гаргаас эхлэн хоёр өдөр хэлэлцээд өчигдөр шийтгэх тогтоолоо танилцууллаа.

Тэрбээр Тэргүүн Шадар сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байхдаа түүний тушаалаар “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсийн хил, гаалийн шалган нэвтрүүлэх боомтод авто тээврийн хэрэгслийг жинлэх 150 тн-ы даацтай хэмжилтийн пүү худалдан авах тендерийн үнэлгээний хорооны даргаар томилогдсон байдаг. Ингэхдээ эрх мэдлээ хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх хэрэгсэл болгож, төрсөн эгч Г.Улзмаа, найз Н.Энхболд нарын нэр дээр байгуулсан, өөрийн хамаарал бүхий “Эн Ай Ди Би” ХХК-ийг сонгон шалгаруулж, 2010 оны зургадугаар сарын 28-нд 135.3 сая шахам төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулжээ. Улмаар пүүний үндсэн эд ангиудын үнэ эрс нэмэгдсэн гэх үндэслэлээр мөн оны есдүгээр сарын 16-нд үнийн дүнг өсгөж, 199.7 сая гаруй төгрөгийн дүнтэй нэмэлт өөрчлөлт гэрээнд оруулжээ. Уг мөнгөө дээрх компаниар дамжуулан авч, чанар, ашиглалтын шаардлага хангахгүй авто пүүг “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсэд суурилуулж, 2010 оны аравдугаар сарын 7-нд Г.Дэнзэн өөрөө ажлын хэсгийг ахалж очин акт үйлдэж, байгууламжийг хүлээн авч, улсад 137.1 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдсон юм.

Уг хэргийг нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэдэн жилийн өмнө хэлэлцээд Г.Дэнзэнг албан тушаалаа урвуулсан гэм буруутайд тооцсон ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хариуцлагаас чөлөөлсөн юм.

Гэхдээ улсад учруулсан 137.1 сая төгрөгийг нь гаргуулахаар шийдвэрлэсэн билээ. Прокурорын шатанд түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохоор болсон ч Г.Дэнзэн өөрийгөө гэм буруутай, эсэхийг шүүхээр шийдвэрлүүлнэ хэмээсэн учраас ийнхүү дээрх шүүх дахин хэлэлцсэн юм. Ингээд шүүгдэгч Г.Дэнзэнг 2002 оны Эрүүгийн хуулийн 263.2 дахь хэсэгт заасан “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулсан” гэм буруутайд тооцож, уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ. Гэхдээ буруутай нь тогтоогдсон түүнээс улсад учруулсан 137.1 сая төгрөгийн хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.