Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд Соёлын яамны дэд сайд М.Батбаярын хамтаар Архангай аймагт ажиллаж, соёл урлагийн салбарын удирдах ажилтнуудтай уулзлаа. Уулзалтаар соёлын төвүүдэд тулгамдаж буй асуудал, шинэ театрын барилгын ажил зэрэг асуудлуудыг нэн яаралтай шийдвэрлэж ажиллана гэдгээ илэрхийлэв.
Уулзалтын дараа Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, Соёлын дэд сайд нар холбогдох газар хэлтсийн удирдлагуудын хамтаар тус аймгийн Хөгжимт драмын театрын шинэ барилгын гүйцэтгэлийн явцтай танилцаж, албаны хүмүүсээс мэдээлэл авлаа.
Архангай аймгийн Хөгжимт драмын театрын барилгын ажил 2013 оноос эхэлсэн бөгөөд энэ онд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж эхэлсэн. Тус барилга нь 2013-2021 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 13,2 тэрбум төгрөгийн төсвөөр баригдаж байгаа бөгөөд ажлын явц удаашралтай хэвээр байна.
Шинэ театрын барилгын ажлын тендер нь 2013 онд зарлагдаж, “Акми холдинг” ХХК нь шалгарсан байдаг. Барилгын ажил эхэлсэн ч 2014-2016 онд төсөв нь батлагдалгүй байсаар барилгын ажил зогсжээ. Улмаар Архангай аймгаас сонгогдсон гишүүд 2016 оноос хойш жил бүр төсвийг нь хөөцөлдөж, хуулинд тусгаж батлуулдаг ч барилгын ажлыг хариуцсан компани олигтой ажиллахгүй өдийг хүрчээ.
Тиймээс цаашид авах арга хэмжээ, шийдлийг хэлэлцэж, ашиглалтад орох хугацааг дахин сунгахгүйгээр, хүлээлгэн өгөхийн тулд үйл ажиллагааг эрчимжүүлэхийг анхааруулсан юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.