Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дээр хичээлийн шинэ жилтэй холбоотой мэдээллийг хэлэлцжээ. Ингээд 9-р сарын нэгнээс хичээлийн шинэ жилийг эхлүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзсэн байна. Уг асуудлаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө.
-Цар тахлын улмаас манай улс бусад улсын адил хичээлийг зогсоосон. 2019-2020 онд нийт хичээлийн 47 хувь буюу 75 өдөр хаалттай байлаа.
2020-2021 онд 110 хоног буюу 60-68 хувийг танхимаар хичээллэж чадалгүй алджээ. Нийт 180 орчим хоногийг танхимаар хичээллэдэг ч 60 орчим хувийг алджээ. Үүнээс үүдэн маш олон эрсдэл, гарз хохирол үүссэн. Мэдээж дан ганц Монгол улсад биш. Дэлхий нийтэд сургуулийн насны хүүхдүүдийн гуравны хоёр нь сурлагын хоцрогдолд орсон гэсэн тооцоо байна.
Саяхан НҮБ-ын ЮНЕСКО-оос гаргасан судалгаагаар дан ганц сурлагын хоцрогдол бус сэтгэл санааны хямрал асар их учирсныг тогтоосон бөгөөд нэгэн үеийн сүйрэл нүүрлэснийг онцолжээ. Тиймээс хичээл, сургуулийг нээх ёстой гэж үзэж байна.
Манай улсад өнгөрсөн хугацаанд 185 мянган хүүхэд тог цахилгаангүй, утасгүй, интернэтгүйг зурагтгүй байдлаасаа болж хичээлийн хоцрогдолд орсон. Цаашлаад 500 мянга орчим хүүхд цахим хичээлд хамрагдаж чадалгүй хоцрогдсон гэж тооцоолж байна. Тиймээс 9-р сарын нэгнээс хичээлийн шинэ жилээ нээнэ. Танхимын болон цахим хэлбэрээр хослуулж явна.
12-17 насны хүүхдүүд болон багш нарын вакцинжуулалт өндөр байгаа учир хичээл сургуулиа нээхэд аюул багатай гэж үзэж байна. Гэвч том эрсдэллүүд ч байна. 0-11 насны хүүхдийн дунд халдвар авах эрсдэл маш өндөр байна гэдгийг тооцоолох ёстой.
Цэцэрлэгүүдийг ЕБС-тай хамт нээнэ. Тав хоног танхимаар хичээллэнэ, тав хоног цахимаар хичээллэнэ. Харин ногоон бүсүүдэд 100 хувь танхимаар хичээллүүлнэ. Эрсдэлтэй бүсүүдэд тав тав хоногоор хичээлллүүлнэ.
МСҮТ, коллеж, их сургуулиуд 9-р сарын 1-ээс цахимаар эхэлнэ. 9-р сарын 10-аас танхимаар хичээллэж эхэлнэ.
Үүнтэй холбоотойгоор бэлтгэл ажил хангах ёстой. 8-р сарын 15-аас эхлэн сургууль, цэцэрлэгүүд дээрх шинжилгээний төв, дархлаажуулалтын цэгүүдийг зөөвөрлөж, ариутгаж, халдваргүйжүүлэх ёстой.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.