Филиппин улсын тамирчин Хайдилин Диаз "Токио-2020" олимпын наадмын эмэгтэйчүүдийн хүндийн өргөлтийн 55 кг-ийн жинд алт хүртэн, тус улсын анхны Олимпын алтан медалийг авчирчээ.
Тус улс нь анх 1924 онд баг, тамирчдаа Олимпын наадамд илгээж байсан бөгөөд түүнээс хойш бараг 100 жилийн турш тус тэмцээний оргилд хүрэхийг хичээсэн хэдий ч одоог хүртэл амжилт олоогүй байжээ. Тэгвэл энэ удаагийн зуны олимпоор Хайдилин Диаз энэхүү мөрөөдлийг бодит байдал болгож, Филиппиний түүхэнд нэрээ мөнхлөв.
Диаз 55 кг-ийн жинд дэлхийн дээд амжилтын эзэн болох БНХАУ-ын тамирчин Лиао Чуйэнтэй ширүүн өрсөлдөөн өрнүүлсний эцэст алтны эзэн болсон төдийгүй хоёр оролдлогоороо нийт 224 кг-ийг өргөж, Олимпын шинэ дээд амжилтыг тогтоосон байна.
Түүхэн ялалт байгуулсныхаа дараа тэрээр нулимс дуслуулан, дасгалжуулагч нартайгаа хамт баяраа тэмдэглэсэн юм. Филиппиний нисэх хүчинд алба хаадаг Диаз өмнө нь нэг ч филиппин хүн зогсож байгаагүй оргилд зогсон, эх орныхоо төрийн дууллыг эгшиглэх үеэр цэргийн ёслолт хийжээ.
Тэрээр "Би энэ мөчийн төлөө маш их зүйлээ золиосолсон. Олон сар, жилийн турш аав, ээжтэйгээ хамт байж чадаагүй бөгөөд мэдээж бэлтгэл маш хүнд байсан. Гэхдээ энэ бүхэн Бурхны төлөвлөгөө байсан" хэмээн "Daily Inquirer" сонинд ярьжээ.
"Токио-2020" нь 30 настай Хайдилин Диазын дөрөв дэх Олимп юм. Тэрээр 2016 оны Риогийн Олимпод оролцохдоо мөнгөн медаль хүртэж байсан бөгөөд ингэхдээ Филиппиний анхны эмэгтэй Олимпын медальтан болсон билээ.
Эх сурвалж: NPR
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.