Тунисийн 18 настай залуу тамирчин Ахмед Хафнауи "Токио-2020" олимпын наадмын эрэгтэйчүүдийн 400 метрийн чөлөөт сэлэлтийн алтан медалийг авч, энэ удаагийн Олимпын хамгийн том шуугиануудын нэгийг өдөөв. Таамгийг эвдэн, хувийн дээд амжилтаа тогтоож, гэнэтийн ялагч болсон тэрээр энэ бүхэн түүний "шаргуу хөдөлмөр"-ийн үр дүн хэмээн онцолжээ.
Хафнауи сүүлийн 50 метрт гайхалтай сэлж, 3 минут 43.36 секундэд бариандаа ирсэн бөгөөд алтан медалийн эзэн болно гэж таамаглаж байсан Австралийн Жак МакЛоулин болон АНУ-ын Киран Смит нарыг илт давуу ялсан аж. 2021 оны эхэнд Хафнауигийн дээд амжилт 3 минут 49.90 секунд байсан бол Токио хотноо ирэхээсээ өмнө тэрээр энэхүү амжилтаа 3 минут 46.16 секунд болгоод байжээ. Ийнхүү тэрээр шигшээ сэлэлтэд хамгийн удаан хугацаатайгаар тэнцсэн хэдий ч эцэст нь алтан медалийн эзэн болсон нь олон хүнийг гайхшируулж байгаа юм.
Тэрээр өөрийн гэнэтийн ялалтын талаар "Энэ бол итгэмээргүй зүйл. Би өөрийгөө финалд шалгарсанд анх гайхаж байсан. Одоо би алтан медаль авсандаа гайхаж байна. Гэхдээ би зүгээр л дасгалжуулагчтайгаа шаргуу ажилласан. Тэгээд л болоо. Би үнэхээр баяртай байна. Үнэхээр их бахархаж байна" хэмээн ярьжээ.
Гэвч цар тахлын үед допингийн шинжилгээ хангалтгүй хийгдэж байгаа тул энэхүү олимпын наадмын үр дүнд итгэж болох эсэх тал дээр зарим мэргэжилтэн, сэтгүүлчид санаа зовж байгаагаа илэрхийлээд байгаа билээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.