Эрүүл мэндийн сайд С.Энхболд БНСУ-ын "К2BIO" компанийн Захирал Мансук Бае, Дэд захирал Кунгмин Ли нарыг хүлээн авч уулзжээ. "К2BIO" компани нь Монгол улсын эрүүл мэндийн салбарт хамтран ажиллахаар хоёр дахь удаагаа хүрэлцэн ирж байгаа аж.
Тус компани нь Монгол улсад салбараа нээж, нэг цагийн дотор хариу нь гардаг "PCR" шинжилгээний багцыг үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөж байгаа тухай саналаа танилцуулсан байна. Түүнчлэн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан гэдгийг хэлсэн юм.
Мөн "К2BIO" компани Монгол улсад хурдавчилсан оношлуурыг үйлдвэрлэж, мутацид орсон вирусийн дельта, альфа хувилбарыг илрүүлэхээр ажиллах болно гэдгээ уулзалтын үед мэдэгджээ. Түүнчлэн тус компани өөрийн технологио үнэ төлбөргүй шилжүүлэн өгнө гэдгийг уулзалтын үеэр онцолсон байна.