Иракийн нийслэл Багдад хотын хүн хөдөлгөөн ихтэй худалдааны захад тэсрэх бөмбөгийн халдлага болж, 25 орчим хүн амь үрэгдэн, хэдэн арван хүн шархаджээ.
Исламын улсуудын "Эйд ал-Ада" баярт бэлдэж байсан иргэдийн улмаас "Аль-Вухайлат" захад их хэмжээний худалдан авагч цуглараад байсан аж. Энэхүү халдлагын эзэн нь "Исламын улс" бүлэглэл бөгөөд нэг гишүүн нь тэсрэх бөмбөгтэй хантааз өмсөн, халдлага үйлдсэн гэж тус бүлэглэлээс мэдэгдсэн байна.
Уг халдлага нь Багдадад сүүлийн зургаан сарын хугацаанд тохиосон хамгийн аюултай бөмбөгдөлт байжээ. Аюулгүй байдлын эх сурвалжуудын хэлснээр амиа алдсан хүмүүсийн дунд эмэгтэйчүүд болон хүүхдүүд байсан аж. Түүнчлэн зарим дэлгүүрүүд шатсан гэж мэдээлсэн байна.
Иракийн Ерөнхий сайд Мустафа аль-Кадими тус захын аюулгүй байдлыг хариуцсан Цагдаагийн хорооны командлагчийг баривчлах тушаал өгч, мөрдөн байцаалт эхлүүлээд байгаа аж.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.