Европын зарим хэсэгт өнгөрөгч бямба гарагт үерийн гамшиг үргэлжлэн, амиа алдсан иргэдийн тоо 180-д хүрчээ. Түүнчлэн олон зуун хүн сураггүй алга болоод байгаа учир амь үрэгдэгсдийн тоо цаашид нэмэгдэж болзошгүй юм.
Үерт хамгийн их нэрвэгдэн, их хэмжээний хохирол амссан Герман, Бельги улсуудад ус татарч эхэлж байгаа хэдий ч бүс нутгийн оршин суугчид сүйрлийг цэвэрлэх томоохон ажилтай тулгараад байна.
ХБНГУ-ын 156 орчим иргэн үерийн улмаас нас барсан бөгөөд тэдний дунд дөрвөн гал сөнөөгч багтжээ. Энэхүү байгалийн гамшигт үзэгдлийн улмаас тус улсын олон жижиг бизнес, амьжиргааны эх үүсвэр үгүй болсон бөгөөд зарим бүс нутагт цахилгаан, байгалийн хийн хангамж тасарч, харилцаа холбооны шугам эвдэрсэн хэвээр байгаа юм.
Түүнчлэн Австрийн Зальцбург мужийн нэгэн хот тэр чигээрээ үерийн усанд автсан бөгөөд одоо байшингуудаас иргэдийг аврах ажиллагаа үргэлжилж байна. Үер мөн Швейцар, Люксембург, Нидерландад ч нөлөөлсөн билээ.
Европын удирдагчид уг золгүй явдлыг уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гэж мэдэгдсэн бөгөөд мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар дэлхийн дулаарлын улмаас аадар бороо орох магадлал илүү өндөр болж байгаа аж.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.