Индонези улсад өнгөрөгч лхагва гарагт коронавирусийн халдварын 54,517 шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд энэ нь тус улсад нэг өдрийн дотор бүртгэгдсэн хамгийн их халдварын тоо юм.
Нийт 270 сая орчим хүн амтай Индонези нь хоногт батлагдаж буй халдварын тоогоороо Энэтхэгийг тэргүүлэх болжээ. Ингэснээр тус арлын улс нь Азийн цар тахлын шинэ голомт болж байгаа юм. Хэрэв халдварын тархалт энэ эрчээрээ үргэлжилбэл Индонезийн эрүүл мэндийн тогтолцоо сүйрлийн ирмэгт тулж болзошгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Түүнчлэн коронавирусийн шинжилгээ авах ажиллагаа хангалттай түвшинд явагдахгүй байгаа тул бодит нөхцөл байдал албан ёсны тооноос илүү ноцтой байж магадгүй юм.
Өнгөрсөн долоо хоногт хийсэн судалгаагаар тус улсын нийслэл Жакарта хотын 10.6 сая оршин суугчийн бараг тал хувь нь цар тахлаар өвчилсөн байж болзошгүйг тогтоосон байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай өвчтөнүүдийн тоо нэмэгдэж байгаатай зэрэгцэн орон нутгийн эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй болж байгааг албаныхан онцолжээ. Одоогийн байдлаар Индонезийн 120 мянган эмнэлгийн орны 90 мянга нь ашиглагдаж байгаа аж.
Мөн эмнэлгийн хүчилтөрөгчийн үнэ өнгөрсөн зургадугаар сарын сүүлчээс эхлэн огцом өссөн төдийгүй зарим эмнэлгийн нөөц дуусаж байгаа гэнэ.
Индонези улсын эрх баригчид хатуу хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээг хэрэгжүүлээгүй бөгөөд ойрын хавьтлуудыг илрүүлэх системд хангалттай хөрөнгө оруулалт хийгээгүй тул энэхүү нөхцөл байдал үүссэн гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. Мөн тус улсын вакцинжуулалтын хөтөлбөр удаашралттай явагдаж байгаа бөгөөд одоогийн байдлаар нийт хүн амынхаа дөнгөж 5.5 хувийг бүрэн дархлаажуулаад байгаа юм.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.