Дэлхийн зарим улсад вакцинжуулалт өргөн хүрээг хамарч байгаа ч Ковид-19-ийн халдварын тохиолдол өндөр байна. Эдгээр улс орнуудын ихэнх нь Хятадад үйлдвэрлэсэн вакциныг дархлаажуулах хөтөлбөртөө ашиглаж байгаа ажээ.
CNBC агентлаг вакцинжуулалтын хувь өндөр ч халдвар хамгийн их тархаж байгаа зургаан орныг нэрлэсэн байна. Эдгээр зургаан оронд Арабын нэгдсэн Эмирт, Сейшелийн арлууд, Монгол, Уругвай, Чили, Их Британи багтжээ. Их Британиас бусад таван оронд Хятадын вакциныг иргэддээ түлхүү тарьж байна.
Монгол улс Хятадын Синофарм үйлдвэрийн вакцины 2,3 сая тунг хүлээж авахаар болсон. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар ОХУ-ын Спутник В вакцинаас 80,000, Пфайзер вакцины 255,000 тунг хүлээж авчээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Синофармын вакциныг коронавирусийн халдвараас 79 хувь хамгаална гэж үзсэн. Гэхдээ 60 болон түүнээс дээш насныханд үр дүн бага байж болно. Харин Синовак үйлдвэрийн вакцин улс орон бүрт явуулсан туршилтаар 50-80 хувийн үр дүнг харуулжээ.
Дэлхийн нийт сүргийн дархлаа тогтоохын тулд вакцинжуулалтыг өргөн хүрээтэй явуулахыг эрмэлзэж байна. Гэхдээ хэрэв тухайн вакцин 70 хувийн үр дүнтэй гэж үзвэл хүн амынхаа 86-аас дээш хувийг вакцинжуулж байж сүргийн дархлаа тогтоно. Хэрэв вакцины үр дүн 60 хувиас бага бол сүргийн дархлаа тогтохгүй гэж судалгаагаар үзсэн байна.
Эх сурвалж: CNBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.