Канадын Куэбэк мужийн нислэгийн зурвас талбайд зүлэг хадаж байсан эмэгтэйг онгоц газардахдаа дайрч, амь насыг нь хохироожээ. 27 настай эмэгтэй зүлэг хадагч тракторт байсан байна.
Орон нутгийн цагдаагийн төлөөлөгчийн мэдээлснээр эмэгтэйг эмнэлэгт хүргэсэн боловч удалгүй нас баржээ. Онгоцны нисгэгч гэмтэж бэртээгүй боловч сэтгэл санааны цочролд орж, эмнэлэгт хүргэгдсэн байна.
Уг нислэгийн талбайг хувийн онгоцууд ашигладаг бөгөөд нисгэгч хувийн бага оврын онгоцоо жолоодож байжээ. Канадын нислэгийн аюулгүй байдлыг хамгаалах газар хэргийг мөрдөн шалгаж, хэргийн газарт байсан гэрчүүдээс мэдүүлэг авч байна.
Эмэгтэйг мөргөсөн онгоц Нанчанг CJ-6 загварын дан хөдөлгүүртэй, БНХАУ-д үйлдвэрлэсэн сургалтын онгоц болохыг мэдээлжээ. Цаг агаарын байдал нислэгийн дүрэмд зөвшөөрөгдсөн хэмжээнд байсан ба зөөлөн салхитай, бага зэргийн үүлтэй байжээ. Хэргийн мөрдлөг удаан хугацаанд үргэлжилж магадгүй гэж цагдаагийн төлөөлөгч мэдээлжээ.
Канадын нислэгийн аюулгүй байдлыг хамгаалах газрын мэдээлснээр 2020 онд агаарын тээвэртэй холбоотой 170 осол гэмтэл гарсны 114 нь арилжааны бус болон хувийн нисэх онгоцуудаар үйлдэгдсэн байна.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.