Хог хаягдлын тухай хууль, журмыг хэрэгжүүлэх, хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгаж бууруулах, дахин ашиглах иргэдийн мэдлэг, оролцоог нэмэгдүүлэх, хэрэггүй болсон эд зүйлээ хэрэгтэй нэгэндээ өгч, бараа бүтээгдэхүүний хэрэглээний насжилтыг нэмэгдүүлэх зорилгоор УБ хотын Ерөнхий Менежерийн 2021 оны 6-р сарын 11-ны өдрийн өөрт хэрэггүй эд зүйлсээ хэрэгтэй нэгэндээ өгөх, солилцох "Өгөөмөр өдөр" арга хэмжээг зохион байгуулах ажлын удардамжийн дагуу 4 дэх жилдээ 2021 оны 6-р сарын 18–27-ны өдрүүдэд "Өгөөмөр өдөр" арга хэмжээг УБ хотын 9 дүүргийн хэмжээнд зохион байгуулан ажиллалаа.
Энэ жилийн хувьд Ковид 19 цар тахал дэгдсэнтэй холбоотой иргэд, ААНБ-ууд хязгаарлагдмал оролцсон хэдий ч халдвар хамгааллын дэглэмийг сайтар дагаж мөрдөн зохион байгуулан ажилласан бөгөөд олон нийтээс Өгөөмөр машиныг явуулж өгөх хүсэлтийн дагуу 2 өдөр явуулан иргэд, ААНБ-с хандивын эд зүйлсийг цуглуулан ажилласан.
Өгөөмөр өдөр 2021 арга хэмжээнд нийт 9 дүүргийн хэмжээнд 1,508 иргэн, ААНБ оролцон 14,712 ширхэг эд зүйлийг хандивласан ба эдгээрийн 6,841 гутал хувцас, 3,817 хүүхдийн тоглоом хувцас хэрэгсэл, 1,183 ном сэтгүүл, 513 цүнх гоёл чимэглэл, 380 гэр ахуйн хэрэгсэл, 190 хүнсний бүтээгдэхүүн, 93 электрон бараа, 12 гялгар уут, 1683 бусад бараа бүтээгдэхүүн цугларсан байна.
Эдгээр цугларсан хандивын эд зүйлийг дүүрэг бүр халамж шаардлагатай олон хүүхэдтэй өрх толгойлсон иргэд, галын аюулд өртсөн, зорилтот бүлгийн айл өрхүүдэд мэдэгдэн тухайн иргэдийг халдвар хамгааллын дэглэмийн баримтлан тодорхой хуваарийн дагуу олноор нь цуглуулахгүй байхаар хуваарилахаар зохион байгуулан ажиллаж байгаа бол УБ хотын Захирагчийн ажлын албан дээр цугларсан тодорхой тооны эд зүйлийг Монголын Улаан загалмайн нийгэмлэг болон бусад байгууллагатай хамтран зорилтот бүлгийн иргэдэд тараан ажиллахаар төлөвлөөд байна.
Тус арга хэмжээнд иргэд, ААНБ-ууд сэтгэгдэл өндөр байгаа бөгөөд нэгэндээ туслах боломжтой хандив өргөх бүх нийтийг нэгтгэсэн, цар тахлын үед хэрэгцээтэй арга хэмжээ боллоо хэмээн дүгнэж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.