СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-07-05

Монгол дипломатчийн мөрөөдөл

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Цагдаагийн ерөнхий газрын дарга төв аппаратад ажилладаг дарга нараа дуудаж, орон нутгийн газар, хэлтсийн даргаар очиж ажиллахыг тушаажээ.

Сэлгээ хийх ээлж ирсэн учраас. Гэтэл мань нөхөд хөдөө явахгүй гэж гүрийсэн төдийгүй хаана очихоо өөрсдөө сонгоно, орчин нөхцлөө дээрдүүлнэ, нуруугаа тэнийлгэнэ хэмээн мэдэгдэв. Улмаар хүссэн газарт нь ондоо хүмүүс томилж буйг эсэргүүцэж, тэдгээр томилолтыг өөрсөдтэй нь ярьж зөвлөлгүйгээр шийдсэн учрыг тайлбарлахыг даргаасаа шаардсан бичиг бичиж газар сайгүй наагаад зогсохгүй шууд шат алгасч УИХ-ын гишүүд нэг бүрийн ханцуйд тэрхүү бичиг сачгаа шургуулжээ.
Гадаад харилцааны яаманд сүүлийн хэдэн өдөр яг ийм явдал болов. Газрын дарга буюу өндөр түвшний алба хашдаг 5 эмэгтэй (нэг нь дэд дарга) санаа нийлж сайдаа эсэргүүцсэн байна. Сайд нь бас эмэгтэй хүн юм.

5 vs 1. УИХ-ын чуулганы 7 дугаар сарын 2-ны өдрийн хуралдаан дээр хариуцлагатай мэдэгдсэнээр нь бол сайд бээр сайхь тавд уул нь гадаадын нэр бүхий оронд элчин сайдаар ажиллахыг тушаа... биш ээ, бүр гуйсан юм байжээ. Тэдгээр 5 орон нь . Хэдэн зуун мянгад ч нэг юм. Гэвч энэ заяа тэдэнд гологджээ. Европын орнууд, бүр дордлоо дордлоо гэхэд Сингапурт очиж сууна хэмээн сайхь тав шаардаад, сайдынхаа өрөөний хаалгыг савж гарсан байна. Ингээд гадуур бичиг наах ажилдаа оров.
Гадаад харилцааны яаманд болсон явдлыг цагдаагийн байгууллагад өрнөсөн байдлаар зүйрлэсэн маань учиртай. Юу гэвэл дипломат алба гэдэг бол цагдаатай эгээ адил, төрийн тусгай алба. Хуулиндаа ингэж бий.

Ажил тушаалаар явдаг, даалгаврыг үг дуугүй гүйцэтгэдэг журамтай. Цэргийн хүн л гэсэн үг. Манай тав дипломат албанд олон жил мятаршгүй ажилласан, гавьяа зүтгэл бүхийг үгүйсгэх арга үгүй ч, элчин сайдаар хаана очихоо сонгох эрх үүстэл яруу алдрыг олсон гэдэг нь эргэлзээтэй.

Угаас ийм хэмжээний яруу алдар түүхэнд хэрвээ тохиолддог бол туйлын ховор, бүр тавын таван эмэгтэйд нэгэн зэрэг тохиолдсон гэвэл огтоос бололцоогүй зүйл л болж хувирах вий. Хамгийн гол нь элчин сайд хаана хэн байхыг ямар нэг гавьяатнууд, мятаршгүй сэтгэлтнүүд өөрсдөө сонгодог бол төр гэж байхын хэрэггүй болно. Гавьяа байгуулсан, байгуулаагүй ямар нэг хүн аль одон медалийг авахаа өөрөө сонгож хүртдэг цаг үе байж болно, харамсалтай нь өнөөдөр тийм ч цаг үе.

Харин дипломат алба, тэр дундаа элчин сайд гэдэг бол мөнгийг нь төлөөд авдаг паалантай төмөр биш, хэрвээ тийм явж ирсэн бол тэр гажуудлыг хална, арилгана гэж сайд нь хөдөлсөн учраас л мятаршгүй тавын паян ургасан болов уу. Муу ч, сайн ч төр гэж байгаа л бол өөрийн төлөөлөл болгон хаана хэнийгээ аваачиж суулгахаа тэр л мэднэ. Энэ тохиолдолд мэдээж ганц ГХЯ, түүний сайд ч төдий биш Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгч нь хоорондоо хэлэлцэж байж тэр хорин тавыг сонгосон байж таарна, монгол үгээр бол эрэг нь усаа хашсан хэрэг. (Улсын гадаад харилцаа гэдэг бол дуунд гардаг дэлгэсэн тэрлэг шиг байж тэр бүр болдоггүй эд, илээр ярих юм бий, ярихгүй юм бас зайлшгүй байдаг нь гачлантай) Харин болж бүтэхгүй юмс тэр дунд байна гэж үзвэл, тухайлбал үүргэвч үүрэн тэнэж явдаг хүнийг томиллоо гэхчлэн эсэргүүцэх эрх олон нийтэд бүрэн бий.

Олон нийт нь ингээд ирэхээрээ ордны цонх өөд чулуу шиднэ үү, өлсгөлөн зарлана уу, хамаг муу үгээ нийгмийн сүлжээгээр хамтран үсэргэнэ үү хамаагүй, тийм эрхтэй улс. Эрхээ эдэлснийх нь үр дүн ч гарч, тэр хорин хэдээс хүссэн зарим хүнээ сугалан үлдэж чадав. Харин дипломат ажилтан хүн тийн эсэргүүцэхийг, тэр дундаа. Ингэж эрхлэх нь байтугай наад захын үйлдлийг чандлан хаасан дүрэм журам буй.
Засгийн газрын 2019 оны 272 тоот тогтоолоор баталсан Дипломат ажилтны сахилгын тусгай дүрмийн 3.6.8-д “Дипломат албан тушаал, цол дэвших, ДТГ-т томилогдох, томилолтын хугацаа сунгах ажиллагаанд хувийн ашиг сонирхолд нийцсэн шийдвэр гаргуулах зорилгоор яамны удирдах албан тушаалтанд Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, гишүүн, Ерөнхий сайд, төсвийн ерөнхийлөн захирагч, болон улс төрийн удирдах албан тушаалтнаар дарамт, шахалт үзүүлэхгүй, аливаа хэлбэрээр нөлөөлөхгүй байх” гэжээ.

Таван бүсгүйн хамтран бичиж гарын хуаюураа дараад УИХ-ын гишүүдэд хүртээсэн бичиг бодитой буйг харгалзан үзвэл тэд харамсалтай нь, баримталж явах дүрмийнхээ энэ заалтыг уландаа гишгэсэн л харагдана.

“Яам, ДТГ-ын зорилго, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд явуулж байгаа бодлого, үйл ажиллагааг эсэргүүцэхгүй байх”, “... томилсон аливаа дипломат албан тушаалд ажиллахад бэлэн байх, томилогдсон тохиолдолд томилсон хугацаанд очих”, “Төрийн бодлого, үйл ажиллагааг эсэргүүцсэн мэдээ, мэдээлэл тараахгүй байх”, “Улс төрийн аливаа нам, эвсэл, хөдөлгөөнөөс аливаа үүрэг хүлээхгүй байж, нөлөөлөлд автахгүй төвийг сахих” гэхчлэн зориуд зааж суулгаж өгсөн заалт, зориуд хааж хязгаарласан олон эрх буй энэ дүрмийг сахиж явахаа андгайлж ам өчгөө өгөөд дипломатын хэмээх эрхэм чухал албанд багтсан нь мэдээж, гэтэл өнөөгийн энэ нэг өндөрлөгт ирмэгц, тулгарахгүй гэж бодож явсан ч байж магадгүй нэг ийм сорилттой тулгармагц, эсэргүүцэхгүй гэснээ эсэргүүцэхийн ихээр эсэргүүцээд, зөрчихгүй гэснээ зөрчихийн ихээр зөрчиж, автахгүй гэсэндээ автахын ихээр автав аа.
Ер нь дипломат албанд эмэгтэйчүүдийг төдийлөн хэрэглэдэггүй практик дэлхий нийтэд төдийгүй манай оронд ч байсан нь саяхан.

Энэ нь “Таваараа нийлж эсэргүүцлийн ноот бичээд, яв гэсэн газар явахгүй, заавал далайн эрэгт очиж хэвтэнэ гээд үймүүлээд байх вий” гэж болгоомжилсон хэрэг ч арай бас биш юм.

Хилийн чанадад суух дипломат ажилтнууд гадаадын тусгай албадын сонирхлыг хэзээ ямагт татаж байдаг нь хууль бөгөөд ийм төрлийн дайралтыг эсэргүүцэх, бусдын нөлөөнд автахгүй байх чадварыг нь эрчүүдээс ялгаатай хэмээн үнэлэхээс өгсүүлээд аж ахуйн шинж чанартай хүртэл олон хүчин зүйлийг бодолцсоны үндсэн дээр ийн шийдэж иржээ. . Манай улс ч энэ чиг хандлагаас хоцроогүй. Гэхдээ нэг дор тавын таван бүсгүйг элчин сайдаар томилохоор сайд нь “гуйж” байсан явдал бол урьд хожид ч байгаагүй, хэтдээ ч хэрхэх л бол. (Монгол улсын Гадаад харилцааны яамны газрын захирлуудын 30 хувь, хэлтсийн дарга нарын 80 хувь нь эмэгтэйчүүд хэмээн сайд нь чуулган дээр хэлснийг мэдүүштэй. Өмнөх сайдын үед эмэгтэй захирал нэг байсан бол эдүгээ даруй дөрөв болжээ) Шинэ сайдын энэ санаачлага, хүчин чармайлт биелсэн бол Монголын нэрд яавч завшаантай зүйл болох байсан нь эргэлзээгүй. Даанч бүтсэнгүй нь халаглалтай. Дипломатч хүн, цэргийн хүн байж даргын тушаалыг үтээрхэв. Эртний агуу соёлт Энэтхэг улсыг хөдөө гэж голоод явдаггүй дипломатч манай Монголд байдгийг бид мэдэж авснаа л завшаан гэж үзэхээс.
. Гэвч иймийг олон нийт нь ойлгон хүлээж аваад, алга ташиж үддэг түүх хаана ч байсангүй, том жижиг аль ч улсад хэл ам дагуулдаг номтой. Нийт элчин сайдуудын дотор улс төрийн төлөөллийн эзлэх хувь хэмжээ өндөр байх тусмаа олны дургүйг хүргэнэ, тэр нь мэдээж аргагүй. Мэргэжлийнхний оролцоо нийт томилгоонд 70 хувиас доошгүй байхыг зохистой харьцаа гэж үздэг бол уул нь манай энэ удаагийн практикт 75 болсныг олон нийт мэдэж л байвал зөвдөх боловч мятаршгүй тавын дуулианд энэ мэт зөв сайн нь бүрхэгдээд хоцорвол харамсалтай л.

Холын сайн хөрш АНУ-аар жишээлэхэд Д.Трамп ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилдаа мөнгө хандивласан хүмүүсийг чихсээр түүний засаг захиргааны үеийн элчин сайдуудын корпуст жинхэнэ дипломат албаныхан дөнгөж 56 хувийг эзэлж байсан бол өдгөө Ж.Байден үүнийг 70 хувьд хүргэхээр чармайж байгаа аж.
АНУ гэснээс одоогийн ерөнхийлөгчийн хамгийн анхны бөгөөд чухал гадаад томилгоо нь энэ яригдан буй сэдэвт ядаж л хүйсээрээ хамаатай Линда Томас-Гринфилд хэмээх өнгөт арьст эмэгтэй байв. АНУ-ын дипломат албанд зүтгэж эхэлснээсээ хойш даруй 40 жилийн дараа буюу энэ жилийн 2 дугаар сард НҮБ-д суух байнгын төлөөлөгчөөр томилогджээ. Үүний өмнө Төрийн департаментын Африкийн газрын дарга болох хүртлээ тэрбээр олон оронд ажилласан боловч элчин сайдаар бол цорын ганц удаа томилогдож. Томилогдсон улс нь Либери байв. 5 сая хүнтэй, нэг хүнд ногдох үндэсний орлогоороо дэлхийн орнуудаас тэгэхэд ч, одоо ч адгийн 10-т явдаг Баруун Африкийн энэ ядарсан орон Америкийн хувьд бол хөдөө гэхэд томдоно. Ер нь бол энэ эмэгтэй дандаа “хөдөөгүүр”, тухайлбал Кени, Гамби, Нигери, Ямайк гэж явсаар энэ өндөрлөгт хүрсэн байна.

Дипломатч хүн, нэг ёсондоо цэргийн хүн эх орны даалгавар биелүүлж 40 жил явжээ. Дипломатч хүн даалгавар биелүүлэх үүрэгтэй, зорилготой, зорьсондоо ийм замаар явж хүрдэг аж. Харин монгол дипломатчийн мөрөөдлийн замнал юу вэ?

Эх сурвалж: Сэтгүүлч Б. Цогтсайхан

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (8)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Шудрага иргэн
2 жилийн өмнө
66.181.161.101

Шудрага, ил тод байхыг хүсэж буй залуусын эсрэг бичсэн захиалгат нийтлэл бна. Бичсэн, бичүүлсэн 2 хамтаа унах нүхээ ухаж бна даа. Үнэн хэзээд ялдаг.

Зочин
2 жилийн өмнө
202.126.89.175

Сайд сайд гээд байх юм Сайд томилдоггүй гэж ойлгохгүй Ер нь унших ч үгүй зүгээр л дэмийрэгсэд соммент бичээд таашаал аваад сууж байдаг бололтой

Зочин
2 жилийн өмнө
202.126.90.140

Tsogtsaikhan setguulch ee, Ta setguulch huniihee huvid unen boditoor medeelliig olon niited hurgeh yostoi baital het uyangiin haliltai hudal medeelel tugeej bgaa n hardlaga turuulj bna!!!

Зочин
2 жилийн өмнө
202.126.89.175

Гадаад харилцааны яам 5 ажилтантай юм боловуу.Бусад нь дуугүй л байна. Олонх нь зөв бодож байгаа байхалдаа!

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.101

Казино тоглож, хүргэнээ томилсон дээрээ нэмээд төлбөртэй нийтлэл бичүүлээд бүр эргүүтсэн гар бна даа. Шинэ үе өөр болсон гэдгийг ойлгодоггүй сайд бна.

Зочин
2 жилийн өмнө
66.181.177.162

Болохгүй хүмүүс жөгсаөлтанд нэлээн хэд байсан. Мөнгө өгөхөөр л бүх юм зөв болоод явчихдаг, мэргэжил хамаагаа алдаж. Гэхдээ АнУ-руу гээд байгаа Батбаяр нар батлагдаж болохгүйг Ерөнхийлөгч эрхбиш мэдэж байгаа байлгүй дээ.

Иргэн
2 жилийн өмнө
66.181.161.26

Ийм юм мөнгө төлж бичүүлж бгаа сайдтай яриад байх юм алга. Батцэцэгийг түргэн зайлуулах хэрэгтэй.

Zochin
2 жилийн өмнө
202.9.40.254

Ene gadaad hergiin saidig sain ajillaj bgaa gej irgen hunii huvid uneldeg dee Oor chadvartai setgeltei itgeltei hun hajuud mini baij l bdag daa. Чадвартай сэтгэлтэй итгэлтэй ар гэр амьдрал үр хүүхэд хань, ажил нэр төрөө авч явж байгаа эмэгтэйчүүд зөндөө байна даа.Тэднийг сонгож болно ш дээ. СОНГОЛТ БОЛ БАЙЖ Л БАЙДАГ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.