СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2018-11-28

Яруу найрагч Б.Мягмаржав “Мэлмэрээ нуур”-аа орхиод одлоо

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
6 жилийн өмнө

...Ээжийн нутгаа санаад байна аа
Эр хүн байж би чинь уйлах нь уу даа... хэмээн монголын ард түмнийг мэлмэртэл бичсэн тэрбээр мэлмэрээ цэнхэр нуураа, хөх хотгороо,  хүнхэр тайгаа, хүн зонтойгоо мэлмэрүүлээд одлоо.

Одоогоос сар хүрэхгүйн өмнөхөн түүнийг хүнд өвчтэй болсныг хэвлэл мэдээллээр дуулгаж, үзэг, зэвсэг нэгт яруу найрагч нөхөд, радиогийн хамт олон, Хөвсгөл нутгийнхнаас нь “Ээжийн цэнхэр нутаг” сэтгэлийн цэнгүүнийг зохион байгуулсан юм. Даанч хагалгаанд орох боломжгүй байсаар эрхэм яруу найрагч хорвоогоос буцжээ.

Утга уран зохиол, яруу найргийн ертөнцөд  “Дархад Мяагаа”, “Радиогийн Мяагаа” зэргээр нэрлэгдэж явсан найрагч Монгол үндэсний радиогоор овоглож 20 гаруй жил  ажиллахдаа Монголын радиогийн өргөн нэвтрүүлгээр “Би монгол хүн” радио жүжгээс эхлээд хэдэн зуун мянган нэвтрүүлэг, нийтлэлээ  уншигч, сонсогч олонд хүргэж “Долоон сарын цас”, “Цаг хугацаа буцвал...”, “Хоймор нутаг”, “Уулсын симфони”, “Нүүнэ”  зэрэг хэд хэдэн яруу найргийн номоо уншигч түмний гар дээр тавьсан нэрт сэтгүүлч, зохиолч байв.

“Хөвсгөлийн их тайга, гол мөрөн өөрийгөө магтуулах гэж намайг томилсон байх” хэмээн өөрийнхөө хорвоод ирсэн утга учрыг тодорхойлж асан тэрбээр 2015 онд “Болор цом-32” наадамд тэргүүн байр эзлэхдээ “Тэнгэрийн татах хүч” шүлгээ уншиж байсан юм.

ТЭНГЭРИЙН ТАТАХ ХҮЧ

Дэнхэл донхолтой амьдралд бүдэрч унахын цаг дор
Дээлийн минь захнаас татаж, тэнгэр намайг босгосон юм
Уйлсан нулимсыг минь тосож аваагүй тэнгэр
Дуулсан дууг минь түрж цуурайлсан юм


Уулга алдахдаа дууддаг хөх тэнгэртээ
Ухаант тархи минь хамгийн ойрхон явдаг
Чоно улихад толгойн үс босч, тэнгэрт улам ойртон
Чонос удмаа тэнгэрийнх гэдэгт итгэдэг би

Эх болсон зургаан зүйлийг энэрэхүйн ухаанаар
Ээтэн гутлын минь хоншоорыг тэнгэр дээш нь татсийм
Өвөг балрын олж ирсэн халуун амь гал голомтыг
Өөрийгөө шатаан байж, тэнгэр дээш нь дүрэлзүүлсэн юм

Эх газрын татах хүчтэй булаалдан байж
Эгц өндөр Алтайн уулсыг тэнгэр татаж босгосон юм
Нүүх үүлсэн зузаан хэвнэгийг сүлбэж гарсан
Нүсэр хотын хээнцэр шилтгээнийг ч тэнгэр татаж босгосон юм

Сарныхаа сүүн гэрлээр хөхүүлэн байж
Нарныхаа халуун алгаар өргөж өсгөсөн тэнгэр минь
Сая живаа оддоо хүний нүдэнд харуулаагүйсэн бол
Сансрын хөлгийг бид яах гэж бүтээх юм бэ?

Хүлэг морь, хийморь хоёроо давхил дундаа юүлсэн
Хүннү эцэгтэй Монголын үрс билээ, бид
Хөрст дэлхийн татах хүчинд
Хөлөө майга болтол татуулсан ч
Зовхиноосоо бол тэнгэр өөдөө татуулсан
Зоригт өвгөдийн үр сад билээ, бид

Газрын зоог хүлгийнхээ нуруу шиг хайрлан
Гангар хун шиг гэртэйгээ нисэн буун жаргасан
Энгэр газраа дэрлэн өвгөдийн бие шингэлээ ч
Тэнгэр таны хэвлийд бурхан сүнс залармой

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.