СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-07-05

Ховдоос нийслэл хүртэл 1500 км гүйсэн Э.Даваажамцад хүндэтгэл үзүүллээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабаас Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамцад хүндэтгэл үзүүлэх ёслолыг энэ сарын 5-ны өдөр ЗХЖШ-ын жагсаалын талбайд зохион байгууллаа.
Монгол хүмүүн, монгол цэргийн эр зориг, тэсвэр хатуужлыг илтгэн харуулж, Ховд аймгийн төвөөс Улаанбаатар хот, Дорнод аймгийн Чойбалсан хотын чиглэлд 2100 гаруй километр замыг өөрийн гүйлтээр туулж яваа эрхэм ахлагчид хүндэтгэл үзүүлэх ёслолд Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, бие бүрэлдэхүүний төлөөлөл оролцсон юм.



Энэхүү ёслолын үеэр Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай үг хэлж, Батлан хамгаалах яамны шагнал болох 5 сая төгрөг, цэргийн дүрэмт хувцсыг гардуулан өгсөн.
Мөн Биеийн тамир, спортын улсын хорооны даргын тушаалаар Спортын мастер цол, ЗХЖШ-ын даргын тушаалаар “Зэвсэгт хүчний Биеийн тамир, спортын алдар” медалийг хүртээснийг ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг гардууллаа. Үүний дараа ЗХЖШ, Төрлийн цэргийн командлал, нэгтгэл, ангиудын тэргүүн ахлагч нараас цуглуулсан хандивыг ЗХЖШ-ын ахлагч, тэргүүн ахлагч Б.Гантөмөр ахлах ахлагч Э.Даваажамцад гардуулж, амжилт ерөөв.


Тэрчлэн ЗХЖШ-ын Материал техникийн газрын Зэвсгийн хэлтсийн дарга, хурандаа П.Чинзориг “Бие амьтай яваарай, зэвсэг амьтай яваарай” гэдгийг тодотгоод гүйлтийн явцад ашиглаж, цаашид Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн цэргийн сургалт бэлтгэлд ашиглах сургалтын зориулалттай автомат бууг хүлээлгэн өгсөн бол 5.11 брэндийн дистрибьютер “Бродэр Мэрчантс” компанийн захирал Б.Тамир, Иргэний нисэхийн Ерөнхий газрын хамт олныг төлөөлж, Индра нар гарын бэлэг гардууллаа.
Үүний дараа Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц талархал илэрхийлж үг хэлсэн бөгөөд тэрээр өөрийн эзэмшсэн хөгжмийн зэмсгээр ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн бүрэлдэхүүнтэй хамтран Урлагийн гавьяат зүтгэлтэн, хурандаа Н.Цэрэнпилийн “Арван есдүгээр марш” аялгууг тоглосон нь бас нэгэн сонирхолтой агшин байлаа.



Ахлах ахлагч Э.Даваажамц нь энэ оны 2 дугаар сараас хойш тогтмол давтамжтайгаар идэвхтэй бэлтгэлийг хийж, өөрийгөө сорьсны үндсэн дээр өөрийн ангийн удирдлагад саналаа илтгэн.

Тэрээр ийнхүү гүйх явцдаа анх төлөвлөсөн маршрутынхаа зай, хэмжээг нэмэгдүүлэн Дорнод аймгийн Чойбалсан хотын чиглэлд гүйх шийдвэрийг гаргасныг ЗХЖШ-ын удирдлага дэмжсэн юм.


Түүний энэхүү гүйлтийн гол зорилго нь өөрийн эх оронд холын зайн гүйлтийн дээд амжилтыг тогтоох, Ардын хувьсгалын 100 жил, орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жил, Ховд аймгийн 90 жилийн ой болон ирэх жил тэмдэглэх Ховдын хорооны 100 жилийн ойд бэлэг барих, монгол хүмүүн, монгол цэргийн эр зориг, тэсвэр хатуужлыг иргэд, залуучууд, өсвөр үеийнхэнд сурталчлан өөрийн биеэр үлгэрлэн харуулахад чиглэгдэж байна.
Ахлах ахлагч Э.Даваажамцыг анх гараанаас гарахад нь Ховд аймгийн Засаг дарга, ЗДТГ-ын ажилтнууд, Цэргийн штаб, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн удирдлага, бие бүрэлдэхүүний т хүндэтгэлтэйгээр үдэж байсан бол гүйлтийн явцад Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай аймаг, Зэвсэгт хүчний 325, 339, 256 дугаар ангийн удирдлага, бие бүрэлдэхүүний төлөөлөл, зарим төрийн болон төрийн бус байгууллагын ажилтнууд халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахисны үндсэн дээр угтан авч, хүндэтгэн үдэж, амжилт ерөөж байсныг энд онцолъё.
Ташрамд, Зэвсэгт хүчний Жанжин штабаас мөрдэс нэгт дайчин нөхрийнхөө эр зориг, тэсвэр хатуужлыг өндрөөр үнэлэн сэтгэлийн дэм үзүүлж, хандив өргөхийг Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбар, нийт бие бүрэлдэхүүнд уриалсан бөгөөд энэхүү хандивыг тун удахгүй ахлах ахлагч Э.Даваажамцад гардуулан өгөх болно.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.