Уэльсийн гүнж Дианагийн 60 насны төрсөн өдрийг тохиолдуулан дурсгалыг нь хүндэтгэн барьсан хүрэл хөшөөний нээлтийг өчигдөр Кенсингтон ордны Санкен цэцэрлэгт хүрээлэнд хийлээ. Диана гүнжийг нас барснаас хойш 20 жилийн дараа буюу 2017 онд уг цэцэрлэгт хүрээлэнг дахин тохижуулж, гүнжийн хөшөөг нээхээр төлөвлөж байсан ч өчигдрийг хүртэл хойшлогдсон юм.
Ард түмний гүнж хэмээн цоллогдож ирсэн Дианагийн хөшөөг нээхэд хөвгүүд нь болох Харри, Уильям нар өөрсдийн биеэр ирж оролцсон билээ. Харин гүнжийн нөхөр байсан ханхүү Чарльз хөшөө дурсгалын нээлтэд оролцоогүй байна.
Уран барималч Иан Ранк Броадли Диана гүнжийг амьдралынхаа сүүлчийн он жилүүдэд байсантай ижил богино халимаг үстэйгээр дүрслэн бүтээжээ. Мөн түүнийг тойруулан гурван хүүхдийн хөшөөг хийсэн нь сайхан сэтгэл, халуун дулаан, тусч, эрч хүчтэй байдлыг нь тодотгож, хүмүүнлэгийн ажилд үйл хэргээ зориулдаг байсныг нь харуулахыг уран барималч хүссэн байна.
Коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалж зочдын тоо хязгаартай, зөвхөн ойр дотны цөөн хүмүүс цуглажээ. Хөшөөг нээсний дараа Кэмбрижийн гүн Уильям, Сассексын гүн Харр нар хамтарсан мэдэгдэл хийсэн байна.
Тэд “Өнөөдөр бидний ээж амьд сэрүүн байсан бол 60 насны төрсөн өдрөө тэмдэглэх байлаа. Бид түүний дэлхийг сайн сайхан болгож, олон хүний амьдралыг өөрчилж чадах хүчтэй хайр энэрэл, хүчирхэг зан, сайхан сэтгэлийг дурсан санаж байна. Өдөр бүр ээж минь бидэнтэй хамт байсан ч болоосой гэж бид хүсдэг. Уг хөшөө түүний амьдрал, зам мөрийг нь мөнхрүүлэн үлдээх бэлгэ тэмдэг болно гэдэгт итгэж байна” гэжээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.