Уэльсийн гүнж Диана амьд мэнд байсан бол өнөөдөр 60 нас хүрэх байжээ. Түүний хөвгүүд болох Уильям, Харри нар өнөөдөр Кенсингтон ордонд ээжийнхээ 60 насны ойд зориулсан дурсгалын хөшөөг нээх гэж байна.
Хөвгүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон өвөө Филипийнхээ оршуулганаас хойш анх удаа хамтдаа олны өмнө гарах ажээ. Харри эхнэр хоёр хүүхдийнхээ хамт АНУ-д амьдарч байгаа бөгөөд өнөөдрийн ёслолд оролцохын тулд өнгөрсөн долоо хоногт Их Британид ирж тусгаарлагдсан байна. Тэрээр тусгаарлалтын хугацаагаа дуусгасны дараа лхагва гарагт WellChild хүүхдийн хандивын байгууллагын шагнал гардуулах ёслолд ирж, олныг гайхшруулсан юм.
Диана гүнжийн дурсгалын хөшөөг түүний очих дуртай байсан Кенсингтон ордны Санкен цэцэрлэгт босгохоор төлөвлөсөн байна. Цар тахлын улмаас хөшөөний нээлтийн арга хэмжээ Дианагийн гэр бүлийн ойр дотно гишүүдийн хүрээнд цомхон болох ажээ.
Санкен цэцэрлэгт хүрээлэнг дахин тохижуулж, 4000 гаруй цэцэг тарьж, тохижилтын ажлыг дуусгахад 1000 цаг зарцуулсан хэмээн ВВС агентлаг мэдээлжээ. Саяхан өгсөн ярилцлагадаа Харри ээжийгээ алдсаны дараа сэтгэл санааны гүн хямралд орж, чимээгүй шаналж ирсэн тухайгаа дурдсан юм.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.