Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун мягмар гарагт болсон улс төрийн товчооны уулзалт дээр дэлхий даяар тархсан коронавирусийн эсрэг хариуцлагагүй ажилласан албан тушаалтнуудыг халсан тухай мэдэгджээ. Энэ нь тус улсад коронавирусийн халдвар илрээгүй гэж мэдэгдэж байгаа ч аль хэдийнээ халдварын тархалт үндэсний аюулгүй байдлын түвшинд хүрсэн гэдгийг харуулж байна гэсэн таамаг сэжгийг улам бүр бататгаж байгааг судлаачид анхаарууллаа.
Цар тахал гарч эхэлсэн даруйд Умард Солонгос хамгийн ойрын түншүүд болох Хятад, Оростой хилээ хаасан. Энэ нь хэдийнээ хямралд орсон байсан эдийн засгийн байдлыг огцом муутгасан.
Умард Солонгосын талаас 30,000 гаруй хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдварын тохиолдол илрээгүй гэж ДЭМБ-д мэдээлжээ. Өнгөрсөн сарын эхээр цар тахлын хорио цээрийн хугацааг сунгах, хилийн хоригийг сулруулахгүй байхыг Ким Жон Ун албатууддаа үүрэг болгосон юм.
Умард Солонгос Ковакс хөтөлбөрөөр дамжуулан 1,9 сая тун коронавирусийн вакцин энэ оны эхний хагаст хүлээж авах ёстой байсан ч дэлхий дахинд вакцины хомсдол үүссэнээс болж уг төлөвлөгөө хойшлогдоод байгаа ажээ. Ким Жон Ун мягмар гарагийн хурал дээр намын эрх мэдэлтнүүд өөрсдийгөө хамгаалж, идэвхгүй ажиллаж, чадваргүй хандсан хэмээн зэмлэсэн байна. Тиймээс цар тахлын үед хариуцлага хүлээж ажиллаж буй намын өндөр албан тушаалтнуудыг халсан тухай төрийн мэдлийн сувгаар нь дамжуулан мэдээлжээ.
Умард Солонгосоос зугтаж Сөүл дэх Умард Солонгос судалгааны дэлхийн хүрээлэнд ажиллаж байгаа судлаач Ан Чан Ил ойрын өдрүүдэд болсон үйл явдлаас ажиглахад Умардад коронавирусийн халдвар илэрсэн гэж таамаглаж байна. Тиймээс олон улсын тусламж дэмжлэг нэн шаардлагатай болсон гэж дүгнэжээ. Мөн Сөүлийн Ева их сургуулийн профессор Лейф Эрик Ийсли нийтийн эрүүл мэндийн байдал Умардад хэдийнээ хүндэрсэн гэж дүгнэсэн байна.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.