Америкийн хувцас, хэрэглэлийн алдарт Gap брэнд Их Британи болон Ирланд дахь 81 салбараа бүгдийг нь хаахаар болсон гэдгээ албан ёсоор зарлалаа. Ингэснээр мянга гаруй ажлын байр алдагдаж байна.
1969 оноос үүсэлтэй уг брэнд Их Британи, Ирланд дахь салбаруудаа бүрэн хаасан ч Сан Францискогоос цахимаар бараа бүтээгдэхүүнээ борлуулахаа мэдэгджээ. Энэ жилийн 8-9 дүгээр сарын хооронд дэлгүүрүүдээ татан буулгах ажлыг гүйцэтгэх юм байна.
Өмнө нь тус брэнд Их Британи, Ирланд дахь 19 дэлгүүрээ хаахаа мэдэгдэж байсан ч эцэст нь бүх салбараа хаахаар болов. Энэ нь брэндийн хөгжүүлэлтийн стратегийн өөрчлөлтийн нэг хэсэг гэж тайлбарлажээ. Gap Их Британид үйл ажиллагаа явуулдаг бусад хувцасны брэндүүдээс ялгарахын тулд олон жилийн турш үйл ажиллагаагаа тасалдуулаагүй байна. Гэхдээ тэд Итали, Францын зах зээлд албан ёсны дэлгүүрүүдээ нээж, Европын улс орнуудад үйл ажиллагаагаа төвлөрүүлэхээр шийджээ.
Коронавируст цар тахлын хөл хорионы улмаас Их Британийн нутаг дэвсгэр дэх үйл ажиллагаагаа зогсоож буй хувцасны брэндүүдийн сүүлийг Gap мушгилаа. Тус брэнд цахим худалдаагаа эрчимжүүлсэн ч борлуулалт нь өнгөрсөн жилийнхээс 16 хувиар буурчээ.
Хөл хорионы үед олон нийтийн арга хэмжээ, хурим зэрэг тэмдэглэлт баярууд үгүй болж, эдийн засгийн байдал хүндэрснээс Topshop, Debenhams, Oasis, Warehouse, Karen Millen болон Laura Ashley зэрэг хувцас загварын брэндүүд зэрэглэл өндөр гудамжуудаас арчигдаж, Marks & Spencer, Next, House of Fraser ба John Lewis брэндүүд албан ёсны дэлгүүрүүдийнхээ тоог цөөлжээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.