Мьянмар улсад болсон сонгуулиас улбаалж цэргийн хунтын дэглэмийн удирдагчид өнгөрсөн хоёрдугаар сарын 1-ний өдөр төрийн эргэлт хийсэн. Ард иргэд төрийн эргэлтийг эсэргүүцэн жагссан бөгөөд олны танил, урлаг соёлын төлөөлөгчид болоод улс төрийн тэмцэгчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд, энгийн ард иргэдийг олон мянгаар нь баривчлан саатуулж, хэдэн зуун хүний амийг бүрэлгэсэн юм.
Тэгвэл төрийн эргэлтийн дараа баривчлагдсан хүмүүсээс 2000 гаруй иргэнийг лхагва гарагт суллаж, өршөөл үзүүлсэн тухай мэдээлжээ. Суллагдсан хоригдлуудын дунд сэтгүүлч сурвалжлагчид болон энгийн иргэд багтсан гэж орон нутгийн хэвлэл мэдээлсэн байна.
Эмх замбараагүй байдал үүссэний дараа Мьянмартай хөрш зэргэлдээ улс орнууд төдийгүй өрнөдийн улс орнууд цэргийн удирдагчдыг шүүмжлэн буруутгаж, дарамт шахалт үзүүлсээр байгаа юм. Төрийн эргэлтээр ардчиллыг дэмжигч, Нобелийн энх тайвны шагналт Аун Сан Су Чи баригдсан ба түүнийг суллаагүй хэвээр үлджээ. Мьянмарын цэргийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр суллагдсан 2296 хүн нь жагсаалд оролцсон боловч манлайлан удирдах үүрэг оролцоогүй байсан тул өршөөл үзүүлсэн гэжээ.
Суллагдсан хүмүүсийг Янгоны Инсейн хорих газраас автобусаар тээвэрлэн авчирсан бөгөөд тэд нулимс дуслуулан гэр бүлийнхэнтэйгээ баяртайгаар уулзжээ. Судалгааны байгууллагын мэдээлснээр төрийн эргэлтээс хойш 5200 хүн баривчлагдаж, 883 хүн алагдсан байна.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.