Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу ашиглалтын шаардлага хангахгүй, ашиглалтын хугацаа нь дууссан хашаа, хайлсыг нурааж байгаа билээ.
Уг ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 1-р хороо 48 дугаар дунд сургуулийн хажууд байрлах 390 метр.кв талбай бүхий иргэний хашааг буулгав.
Тухайн иргэнд 2010 онд дүүргийн Засаг дарга таван жилийн хугацаатай түр олгосон байдаг. Ингээд 2015 оноос ямар ч зөвшөөрөлгүй байж, хашаагаа буулгаагүй байжээ. Түүнчлэн тус хашаан дотор ил задгай модон жорлон байсныг нурааж, мэргэжлийн хяналтаас ариутган цэвэрлэж, битүүмжлэхээр болжээ.
Сургуулийн захиргаанаас сүүлийн гурван жилийн турш уг хашааг буулгаж, модон жорлонг бөглөж өгөх хүсэлтийг тавьжээ.
48 дугаар сургуулийн захирал: Бид нарын хүсэлтийг шийдэж өгч байгаад баярлалаа. Цонхоо онгойлгохоор өмхий үнэр үнэртдэг хэцүү байсан. Түүнчлэн уг төмөр хашааны хадаас зэрэгт хүүхэд бэртэж, гэмтэх, хөл, гараа урах тохиолдол байдаг байсан. Хүүхдийн аюулгүй байдлыг зөрчсөн газрыг шийдвэрлэж байгаад баяртай байна.
Тус газрын эзэнд газар чөлөөлөх тухай мэдэгдлийг гардуулсан бөгөөд тус чөлөөлсөн газрыг цаашид хэрхэн тохижуулахыг дүүргээс шийдэх ажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.