ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дотоодод үйлдвэрлэсэн Спутник В вакциныг коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд хийлгэсэн гэдгээ анх удаа хэлжээ. Тэрээр урьд өмнө Ковид-оос урьдчилан сэргийлэх тарилга хийлгэсэн гэдгээ дурдаж байсан ч ямар нэртэй вакцин хийлгэснээ хараахан олон нийтэд дэлгээгүй байсан юм.
Мөн вакцин хийлгэсэн тухай зураг, бичлэгийн алийг нь ч олон нийтэд дэлгээгүй тулд түүнд эргэлзэгчид дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг шаардсаар байсан билээ. Тэгвэл энэ удаад Путин ард иргэддээ хандан Спутник В болон дотооддоо үйлдвэрлэсэн бусад вакцинуудыг аюулгүй тул дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж, коронавируст цар тахлаас ангижрах цорын ганц зам нь вакцинжуулалт гэдгийг онцолсон байна.
Путин лхагва гарагт телевизийн шоунд оролцож, түүнд ирсэн асуултуудад хариулт өгсөн юм. Энэ үеэрээ дараагийнхаа залгамжлагчийг удахгүй нэрлэх тухайгаа мэдэгджээ. Гэвч Путин 2036 он хүртэл төрийн эрх барих эрхтэй болсон билээ. Тийээс түүний залгамжлагчийн талаар ямар нэг таамаг огт байхгүй хэмээн өрнөдийн хэвлэлүүд бичиж байна.
ОХУ-д коронавирусийн халдвар намжаагүй ба хоногт 20,000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, нийслэл Москва болон Санкт-Петрбург зэрэг томоохон хотуудад хоногт амь насаа алдах иргэдийн тоо дээд хэмжээндээ хүрсээр байна. Өнгөрсөн жилийн 12 дугаар сараас бүх нийтийг вакцинжуулж эхэлсэн боловч өнөөдрийн байдлаар нийт иргэдийн 11 хувь нь дархлаажуулалтад хамрагдсан ажээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.