БНХАУ-ын эрх баригч Коммунист нам 100 жилийн ойгоо тэмдэглэж, Ши Жиньпин дарга мэдэгдэл хийлээ. Намын дарга хийсэн мэдэгдэлдээ гадны орнуудын түрэмгийлэл, дарамт хавчлагын эсрэг толгой гудайхгүй гэдгээ хатуу анхааруулсан байна. Олон улсын ажиглагчдын зүгээс уг анхааруулгыг АНУ-ын эсрэг хандсан мэдэгдэл боллоо хэмээн дүгнэж байна.
Хятадын нийслэл Бээжин хотын төв талбай Тяньаньминыг хатуу хамгаалалтад авсан ба 70,000 орчим иргэн цуглажээ. Тэнд цугласан хүмүүсийн зарим нь амны хаалт зүүгээгүй байна.
Ши Жиньпиний мэдэгдэл цаг орчим үргэлжилсэн ба эрх баригч намын орчин үеийн Хятадын ирээдүйн хөгжилд оруулах үүрэг хариуцлага, байр суурийг илэрхийлсэн ажээ. Тэрээр гадны хүчний хавчлага дарамтын эсрэг анхааруулаад зогсохгүй бусад улс орнууд руу ч мөн дайралт хийхгүй гэдгийг онцлон тэмдэглэжээ. Намын 100 жилийн ойд зориулан эх орны сэдэвтэй дуунууд Тяньаньмины талбайд эгшиглэж, үхэр буугаар ёслолын буудлага хийхийн зэрэгцээ цэргийн нисэх онгоцууд тойрон эргэлдсэн байна.
БНХАУ-ын Коммунист нам нь 1921 онд үүсгэн байгуулагдсан түүхтэй. Урт удаан хугацаанд үргэлжилсэн иргэний дайны дараагаас 72 жилийн турш улс орны эрх мэдлийг атгаж, удирджээ. Ойг угтсан арга хэмжээнүүд энэ жилийн хавраас эхэлсэн ба телевизийн 100 цувралыг жилийн турш гаргаж, Хятадын амжилтыг бахадсан дуу бүтээж, 100 реппер тоглолт хийсэн байна.
Ши Жиньпин даргын мэдэгдлийн онцлог хэсгүүдийг дурдвал зуун жилийн хугацаанд Коммунист нам орчин үеийн хөгжингүй нийгмийг бүтээн босгож, ядуурлыг даван гарсан ба түүний удирдлагын үед улс орныг удирдах арга барил шинэчлэгдэж, “Хятадыг хамгаалах” стратегийг боловсруулсан гэжээ. Мөн ирээдүйд цэргийн хүчин чадлаа нэмэгдүүлж, дэлхийн сонгодог жишигт хүрэх ба Хонконгт тогтвортой байдлыг эргэн сэргээж, Тайванийг Хятадын нэг хэсэг болохыг дахин бататгана хэмээн амлалт өгсөн байна.
Эх сурвалж: BBC, The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоо манай коммунист нам бас 100 жилийн ойгоо яг адилхан урлагийн тоглолт наадам хийж тэмдэглэнэ. Хаа газрын коммунистууд адилхан юм даа.