“Токио-2020” олимпын наадмын эрхийн тэмцээнүүд (5х5 сагснаас бусад) албан ёсоор өндөрлөж, монголын баг тамирчдын бүрэлдэхүүн эцсийн байдлаар тодорлоо.
Монголчууд энэ олимпд байт харваа, буудлага, бокс, жүдо, чөлөөт бөх, 3х3 сагсан бөмбөг, усанд сэлэлт, ширээний теннис, хөнгөн атлетик, хүндийг өргөлт гэсэн спортын 10 төрөлд 42 тамирчинтай оролцохоор болж байна.
Монголын баг өмнө нь “Москва-1980”, “Рио-2016” олимпд 43 тамирчинтай оролцсон нь дээд амжилт байв. Токиогийн олимпын тухайд коронавирусийн цар тахлын улмаас эрхийн тэмцээнүүд хойшлох, цуцлагдах зэрэг олон бэрхшээл тулгарсан ч Монголын баг 42 эрх авсан юм. Мөн түүнчлэн манай таван шүүгч олимпын наадмыг дэнслэхээр болжээ.
Тодруулбал: Хүндийн өргөлтийн төрөлд Л.Одгэрэл, жүдо бөхийн төрөлд Т.Энхцэцэг, байт харвааны төрөлд Э.Саруул нар болон боксын төрөлд хоёр шүүгч шүүгчээр оролцох юм.
Өдгөө манай тамирчид олимпын бэлтгэлээ идэвхийлэн базаасаар байна. Тухайлбал, боксынхон Хандгайтад, чөлөөтийнхөн Найрамдалд, жүдочид Батсүмбэрт, хүндийг өргөлтийнхөн Төр хурахын аманд, хөнгөнийхөн Архангайд, ширээний тенниснийхэн “Эко” спорт баазад, сагсчид Францад бэлтгэлээ хийж байна.
Усны тамирчдын тухайд өнөөдрөөс бассейндаа бэлтгэл хийж эхэллээ. Улсын онцгой комиссоос зөвшөөрөл өгсний дагуу “Орчлон” сургуулийн бассейнд бэлтгэл хийх боломж бүрдээд байна.
Монголын тамирчдаас бокс, сагсныхан хамгийн түрүүнд буюу долдугаар сарын 15-нд Токиог зорих бол жүдо, буудлага, байт харваа, усанд сэлэлт, ширээний тенниснийхэн 21-нд, чөлөөт бөх, хүндийг өргөлтийнхөн 28-нд, марафон гүйлтийнхэн наймдугаар сарын 4-нд эх орноосоо мордоно. Гавьяат тамирчин Б.Сэр-Одын тухайд Японы Кувана хотод бэлтгэлээ хийж буй бөгөөд тэндээсээ марафоны тэмцээн болох Саппорог зорих юм.