ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын эх сурвалжийн мэдээлснээр хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн, зарж борлуулсан гэмт хэрэгт 2021 оны гуравдугаар сарын 31-ний байдлаар ял эдэлж байгаа 180, тэнсэнтэй 227, шалгагдаж байгаа 100 гаруй этгээд байна. Мөн 2021 он гарсаар хар тамхины хэрэг үйлдсэн нь мөрдөн шалгах явцад тогтоогдсон 20 гаруй хүн магадлангаар суллагджээ.
Хэдийгээр цар тахлаас үүдэн хил хаалттай, мансууруулах бодис оруулж ирэх бүхий л нүх сүвийг хууль, хүчний байгууллагаас "хаасан" гэж байгаа боловч энэ төрлийн гэмт хэрэг буурахгүй байгаа нь санаа зовоож байна.
Энэ талаар ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Давааням "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар улсын хил нэвтрүүлдэг, худалдан борлуулдаг идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 11 бүлгийг 2020-2021 онд илрүүлсэн. Эд мөрийн баримтаар хураасан химийн гаралтай бодис 82.8 хувиар өсөж, 56 325 хүний нэг удаа хэрэглэх бодисыг хураан авч, гэмт үйлдлийг таслан зогсоосон" хэмээн мэдээлж байсан.
Гэтэл Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Эрүүгийн хуулийн 20.7.1 буюу хэрэглэсэн, 20.7.2 буюу зарж борлуулсан гэмт хэрэгт шийтгэгдсэн этгээдүүдэд төрийн өршөөл үзүүлэх талаар яригдаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Хөнгөн хийсгэлэн зангаасаа болж нэг удаа алдсан хүн тэдний дотор цөөнгүй байж, тэдэнд төрийн өршөөл сайнаар нөлөөлөхийг үгүйсгэх аргагүй ч энэ төрлийн гэмт хэргийг удаа дараа үйлдэж, тэр бүртээ хуулийн байгууллагын эрх мэдэлтнүүдээр толгойгоо илүүлж, ял завшиж байсан этгээдүүд хар тамхины гэмт хэргийн дийлэнх хувийг нь эзэлж байхад өршөөл үзүүлэх нь нийгэмд ус, агаар шиг хэрэгтэй байгаа шударга ёсонд нийцнэ гэж үү.
Тухайлбал, БНХАУ-ын засаг захиргааны тусгай бүс Хонконгийн шүүхээс есөн жил хорих ялаар шийтгүүлэн, ялаа эдэлж байгаад эх орондоо ирсэн "Жоби" хочит Түвшинжаргал гэгч этгээд 2020 оны аравдугаар сарын эхээр олон улсын шуудан илгээмж ашиглан их хэмжээний хар тамхийг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн нь тогтоогдсон. Гэтэл энэхүү этгээдийг шүүхээс сулласнаас сар хүрэхгүй хугацаанд 240 грамм "мөс" хэмээх нэршилтэй хар тамхийг зарж, борлуулах гэж яваад саяхан дахин баригджээ.
Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй нэр холбогдож байсан Г.Сарангэрэл 2018 оны хоёрдугаар сард хар тамхины төрлийн "мөс" хэрэглэж байгаад ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийн ажилтнуудад үйлдэл дээрээ баригдсан. Тэрээр энэхүү үйлдэлдээ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхээс 3 жил 8 сарын хорих ял шийтгүүлж, ял шийтгэлээ биеэр эдлэн, 2020 оны 11 дүгээр сард суллагдсан. Гэтэл тэрээр энэ оны гуравдугаар сарын 24-нд их хэмжээний "мөс"-ийг олон улсын шуудан илгээмжээр авч байхдаа дахин баригдсан.
21 холбогдогчтой Ландага хочит Ё.Батцэнгэл нарт холбогдох хар тамхины хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүх хэлэлцэхээ түр хойшлуулаад байгаа.
Энэ гуравхан жишээ л хар тамхичид засардаггүй гэдгийг хангалттай нотолж чадах бус уу. Иймд тэдэнд төрийн өршөөл үзүүлэх нь хүн амын дийлэнхийг хүүхэд залуучууд эзэлдэг Монгол улсын ирээдүйд хэзээ ч нөхөж баршгүй хор хохирол учруулах юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.