Манай улс насанд хүрсэн нийт иргэдийнхээ талаас илүү хувийг коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамруулаад байгаа билээ. Харин дэлхийн улс орнууд халдвараа хумихын тулд аль хэдийнэ хүүхдүүдээ вакцинжуулж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, 18-аас дээш насныхан бүрэн тундаа хамрагдаж халдварын эрсдэл багассан ч хүүхдийн дархлаажуулалт хүлээгдээд байсан юм.
Тэгвэл өчигдрөөс эхлэн Монгол Улс 12-15 насныхнаа албан ёсоор дархлаажуулж эхэллээ. Энэ нь сүүлийн хэдэн сар цар тахлын халдварт өртсөн хүн амын цөөнгүй хувийг эзлээд байсан хүүхдүүдийг хамгаалахаас гадна намар хичээлийн шинэ жилтэй золгохоос өмнөх бэлтгэл ажил юм.
Салбарын яамны мэдэгдэж буйгаар есдүгээр сараас танхимын хичээл эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа ч хүүхдүүдийн дунд өвчлөл өндөр түвшинд байхад эрсдэл хэвээр байгаа. Тиймээс намар хичээлийг хугацаанд нь эхлүүлж, хэвийн горимд шилжүүлэхийн тулд хүүхдийг вакцинжуулах шаардлага үүсээд байгаа юм. Дархлаажуулалтад хамрагдаагүй бүлгийнхэн өвчлөх магадлал өндөр байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын тушаалаар энэ сарын 28-наас 12-15 насны хүүхдүүдийг коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамруулж эхэлснийг бид сурвалжиллаа.
Дархлаажуулалтыг нийслэлийн есөн дүүрэг тус бүрд 2-3 цэгт хийж байна. Биднийг Сүхбаатар дүүргийн 33-дугаар сургууль дээр очиход хүүхдээ вакцинд хамруулахаар ирсэн эцэг, эхчүүдийн идэвхи өндөр байлаа. Хүүхдүүдэд Файзер үйлдвэрийн “Комирнати” вакциныг тухайн хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр сайн дурын үндсэн дээр хийж байгаа юм. Эрүүл мэндийн яамнаас баталсан эцэг эхээр бөглүүлэх зөвшөөрлийн хуудаст вакцины талаарх танилцуулга, хийлгэсний дараа үзүүлэх урвал зэрэг мэдээлэл багтжээ. Мөн нэмэлт мэдээллийг дархлаажуулалтын эмч нэг бүрчлэн тайлбарлаж байна.
Хүүхэд асран хамгаалагчтайгаа дархлаажуулалтад хамрагдахаар ирэхдээ төрсний гэрчилгээ эсвэл иргэний үнэмлэхний аль нэгийг авч ирэх шаардлагатай. Вакцин хийлгэснээс хойш 15-30 минут ажиглалтын өрөөнд байх ба энэ хугацаанд хямарвал яаралтай тусламжийн өрөөнд оруулж хүчилтөрөгч өгөх,зүрх судсыг дэмжих арга хэмжээ авахаар бэлтгэсэн байв.
Харин тархи мэдрэлийн хүнд өвчтэй,унаж татдаг, архаг хууч өвчин нь сэдэрсэн тохиолдолд вакцин хийж болохгүй эсрэг заалттай юм байна. Хэрвээ хүүхэд коронавирусийн халдвар авч байсан бол эдгэснээс 21 хоногийн дараа вакцинд хамрагдах боломжтой юм.
Хүүхдийн вакцинжуулалтын талаар Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч Ж.Хуяг “Вакцин хийлгэсний дараа бага зэрэг халуурах, бөөлжих, нус гоожих, ханиах, хоолой хөндүүрлэх зэрэг томуу төст шинжүүд түгээмэл илэрдэг. Энэ тохиолдолд эмчээс зөвлөгөө авч тохирох эмийг эмчийн зааврын дагуу хэрэглэх хэрэгтэй.Эдгээр хөнгөн урвалууд нь бусад вакцины үед ч илэрдэг бөгөөд хүний биеийн дархлааны системийн нөлөөгөөр өвчин үүсгэгчийн эсрэг дархлаа тогтоож байгааг илэрхийлдэг ба 1-3 хоногт аяндаа зүгээр болдог. Вакцин хийлгэсний дараа хэсэг газрын урвалууд тогтвортой удаан хугацаанд үргэлжлэх эсвэл шинж тэмдгүүд хүндэрвэл харьяа өрхийн эрүүл мэндийн төв, эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандаж эмчийн зөвлөмж авна. 12-17 насныханд вакцины гэрчилгээ өгөхгүй. Харин хоёр дахь тун хийлгэсний дараа эцэг эхийнх нь гар утсанд мессеж очих учраас заавал тусгай гэрчилгээ авах шаардлагагүй” гэлээ.
Вакцин хийлгэснээс хойш гурав хоногийн дотор даарахгүй, халуун ногоотой хоол идэж болохгүй, архи согтууруулах ундаа хэрэглэхгүй, усанд орж, кофе ууж болохгүй.
Түүнчлэн харшил өгдөг хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж болохгүйн дээр вакцин тарьсан хэсгийг хөндөхгүй хүрэхгүй байх, сайн хооллож шингэн зүйл хангалттай уух , боолт хийх эм тос түрхэх бусад зүйлээр жин тавихгүй байхыг эмч нар анхаарууллаа. Мөн амны хаалт зүүх, гараа угаах, зайгаа тогтмол барьж давтан тунгаа товлосон хугацаанд хийлгэх, вакцин хийлгэсэн тэмдэглэгээ бүхий урьдчилан сэргийлэх тарилгын гэрчилгээг 21 хоногийн дараа хоёр дахь тунгаа хийлгэх хүртэл хадгалах юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Б.АНХ-УЧРАЛ 2021.6.29 МЯГМАР № 129 (6606)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Oocher ih bnaa. Iim ersdeltei ued olon tseg gargaj baktsinjuulaachee.