Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын ТОП100 ААН-ийг эрэмбэлж, өргөмжлөх үйл ажиллагааг 20 дахь жилдээ хоёр дахь удаагаа цахим хэлбэрээр зохион байгууллаа.
Цахим арга хэмжээний үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Монгол Улсын 2020 оны ТОП 100 аж ахуйн нэгжийн төлсөн татварын нийт хэмжээ нь 4.2 их наяд төгрөгт хүрч, татварын нийт орлогын 49 хувийг бүрдүүлсэн. Эдийн засаг бизнест үүссэн хүнд нөхцөл байдлын улмаас татвар, санхүүгийн үзүүлэлтүүд буурсан ч ТОП 100 аж ахуйн нэгжүүдэд ажиллагсдын тоо өмнөх жилээс хоёр мянгаар нэмэгдэж 91 мянга хүрсэн нь нийт ажлын байрны 8.1 хувьтай тэнцэж байна. Өнөөдөр нийгэм, эдийн засагт тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэхэд ТОП 100 ААН-ийн гүйцэтгэх үүрэг оролцооны их үнэ цэнийг эдгээр үзүүлэлтүүд харуулж байна” гэдгийг онцоллоо. Түүнчлэн эдгээр аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын орлогын хэмжээ нь 32.6 их наяд төгрөг байгаа нь ДНБ-ний 88 хувьтай дүйцэж байна.
ТОП 100 ААН-ийг эрэмбэлэхдээ Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтэд тулгуурлан ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн үзүүлэлтийг чухалчилдаг.
Монгол Улсын 2020 оны ТОП-100 ААН-ийг үйл ажиллагааны салбараар нь авч үзвэл худалдаа, үйлчилгээний салбарын 28 компани, уул уурхай олборлох үйлдвэрлэлийн салбарын 24 компани, газрын тосны хангамжийн 10, барилга замын салбарын 9, хүнсний болон хөнгөн үйлдвэрлэлийн 9, банк санхүү, харилцаа холбоо, тээвэр ложистикийн салбарын 13, хүнд үйлдвэрлэл, цахилгаан дулааны үйлдвэрлэлийн 7 компани эрэмбэлэгдсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.