Энэ сарын 2-нд Улаанбаатараас Итали улс руу олон улсын чанар, стандартын шаардлага хангасан 20 тонн ноолуурыг анх удаа газраар тээвэрлэсэн чухал үйл явдал тохиосон. Тэгвэл олон улс хоорондын ачаа тээвэр төлөвлөсөн хугацаандаа Итали улсад амжилттай хүрч, тус улсын “Коломбо”, “Фалконери” компани захиалсан ноолуураа хүлээн авчээ.
“Ханбогд кашмер” компани урьд нь Итали руу өмнөд хөршөөр дамжуулан 90-100 хоногийн хугацаанд ноолуураа экспортолж байсан бол ийнхүү 20 хоногийн хугацаанд газраар тээвэрлэснээр хугацаа хэмнэлээ.
Монголоос анх удаа газраар тээвэрлэгдсэн ноолуурыг Италийн ноос, ноолуурын хамгийн том “Ди-Эс-Ви” гаалийн баталгаат агуулахад хүлээлгэн өгөх ёслолд Монгол Улсаас Итали Улсад суугаа Элчин сайд Ц.Жамбалдорж, ноолуур худалдан авагч Коломбо, Фалконери компани болон Ди-Эс-Ви гаалийн баталгаат агуулахын удирдлага оролцжээ.
Италид хүрсэн 20 тонн ноолуурын 10 тонн нь тогтоосон стандарт шаардлагыг бүрэн хангасан, Монголын гарал үүсэлтэй, 100 хувь ноолуураар үйлдвэрлэгдсэн, дэлхийн стандартад нийцсэн, байгальд ээлтэй, өндөр чанартай бүтээгдэхүүн болохыг гэрчилдэг “Монголын хаан ширхэгт” тохирлын тэмдэгтэй.
Энэ онд “Ханбогд кашмер” компани “Монголын хаан ширхэгт” гэрчилгээтэй 400 гаруй тонн түүхий ноолуурыг Итали болон Их Британийн ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудад газрын тээврээр нийлүүлэх юм байна.
Цаашид мал сүргээсээ хүртэх бодит ашиг шимийг нэмэгдүүлэх, өөрсдийн бүтээснээ дэлхийн зах зээлд гаргадаг экспортлогч орон болохын төлөө Засгийн газар, ХХААХҮ-ийн яам бүх талаар дэмжин ажиллана.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.