УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2021-06-24/ хуралдаанаар “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/ хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс хууль хэлэлцэхтэй холбоотой ихээхэн шүүмжлэл өрнүүллээ.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Улс оронд өрнөж байгаа нөхцөл байдал, эдийн засаг одоо хэлэлцэж байгаа асуудалтай чинь авцалдахгүй байна. Өдөрт арав гаруй хүн нас барж байна. Жирэмсэн эхчүүд эмнэлэгт хэдэн арваараа нас барж байна. 2021 онд цар тахлын нөхцөл байдал дээрдэхгүй байх. Өвчин тахлаа эхлээд шийдэж болохгүй юу. Хэчнээн тэрбумыг медальд зарцуулах гээд байгаа юм бэ? Нэг медалийн өртөг нь хэд вэ? Ер нь та нар Хойд Солонгос маягийн улс орон руу өдөр өдрөөр яваад байна. Хэдэн удирдагчийнхаа тэмдгийг зүүчихсэн байдаг даа.
ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж: Монгол Хойд Солонгос болохгүй. Хариуцлагатай мэдэгдье. Маргааш У.Хүрэлсүх тангараг өргөж МАН танхимаараа ажиллах болов ч Ардчиллын үнэ цэнийг хамгаална. Медальд бол тэрбум төгрөг баталж өгсөн юм байна лээ. Нэг ширхэг нь 100 мянган төгрөгийн үнэтэй.
Соёлын дэд сайд М.Батбаяр: Ойн медалийг бий болгох хүрээнд уран бүтээлчдийн дунд уралдаан зарлаж, хоёр удаа Засгийн газрын хуралдаанд оруулж дэмжсэнээр ойн медалийг бий олгох тогтоолын төслийг оруулж ирж байгаа юм. Зуун жилийн хүрээнд Монголын ард түмний эв нэгдэл гадаадад дотоодод сурталчлан таниулах эл хэргийн төлөө ажил амьдралаа алдаршуулах шаардлагатай гэж үзсэн.
Медалийн загвар хоёр хэсгээс бүрдэнэ. Төв хэсэгт дөрвөн зүг найман зохисыг илэрхийлсэн цацраг хэлбэртэй, дунд нь Монгол Улсын тусгаар тогтнол цог хийморийг илтгэсэн алтан шаргал өнгө нь соёмбын хөх өнгөн дээр байршуулсан, гадуураа товгор шар хүрээтэй, доод талын хэсэг бол сүүн цагаан өнгөн дээр Ардын хувьсгалын алтан шаргал логог байрлуулсан. Логоны гол хэсэгт жанжин Сүхбаатар жанжны хөшөөг цагаанаар, Ардын хувьсгалыг алтан шаргалаар, 1921-2021 гэсэн алтан шаргал туузан дээр бичсэн загварчлалаар уран бүтээлч бий болгосон.
Гишүүд асуулт асууж хариулт авсны дараа уг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
үнэн