Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алташагай, Нийслэлийн хот тохижилтын газрын дарга Б.Мөнхцэцэг болон холбогдох албаныхан өнөөдөр хөрсний ус ихээр нэвчин, нийтийн эзэмшлийн зам талбай, гэр хорооллын гудамж усанд автаад буй 8, 9, 25, 40 дугаар хороодод ажиллалаа.
Тус хороодын булгийн эхийн ойролцоох газруудад хөрсний ус ихээр гарч байгаа нь экологийн тэнцвэрт байдал сэргэж буй сайн хэрэг боловч усны судал, үерийн ам даган буусан айл өрхүүдэд хүндрэл учруулж байна. Тиймээс дүүргийн удирдлагууд нөхцөл байдал хүндэрсэн гудамж, талбайд ажиллаж 9, 25, 40 дугаар хорооны хөрсний болон булгийн ус ихтэй газруудад ус зайлуулах, хоолой үерийн далан барихаар боллоо. Мөн усанд автсан хороодын нийтийн эзэмшлийн зам талбай, гудамжнуудад хайрга, дайрга асган зам талбайг зориулалтын техник хэрэгслээр засаж, тэгшиллээ.
Энэ үеэр дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай “Булгийн болон хөрсний ус нэвчсэнээс болж өвлийн улиралд халиа дошин хороодод ихээр үүсэж олон айл өрх цаг агаарын нөхцөл байдлаас үл шалтгаалан цутарсан. Энэ асуудлыг өвөл мөстөж хуримтлагдсаны дараа арга хэмжээ авахын оронд зуны урин дулаан өдрүүдийг ашиглан булгийн усны сувгуудыг мэргэжлийн байгууллагатай хамтран тогтоож, эрсдэлтэй газруудад ус зайлуулах хоолой, үерийн далан барих хэрэгтэй. Энэ асуудлыг урин дулаан өдрүүдэд хойш тавьж огтхон ч болохгүй. Хэрвээ энэ хэвээр нь орхивол айл өрхийн хашаа, байшин, нийтийн эзэмшлийн зам талбай усанд элэгдэж, эвдрэл үүсэх эрсдэлтэй” учраас Геодези, Усны барилга байгууламжийнхан газартай хамтран далан, суваг шуудуйг барих талаар холбогдох албаныханд үүрэг өглөө.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.